Дөрвөн гишүүнд хилийн хориг тавих санал хүргүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.

Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татаад байгаа юм. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсгийн “Яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр шийдвэрлэхээр болжээ.