С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гурван бамбаруушийг байгальд нь тавилаа
Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгээр хүрэн баавгайн гурван бамбаруушийг байгальд нь тавилаа.
Өнгөрсөн намар Ховд аймаг болон Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Уул сумдын нутгаас олдсон хүрэн баавгайн гурван бамбаруушийг эх байгальд нь буцаан тавих ажиллагааг өчигдөр амжилттай зохион байгуулав. Уг баавгайн бамбаруушуудыг өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд БОАЖЯ-ны харьяа, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид асран тэжээж байжээ.
Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгтэйгээр эдгээр баавгайн бамбаруушуудыг нисдэг тэргээр зөөвөрлөн их тайгад нь буцаасан юм. Уг ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ны албаны төлөөлөл оролцож, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “Animals Australia“ байгууллагын эрдэмтэд болон Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад талархал илэрхийллээ.
Хүрэн баавгай Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойт хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархжээ. Биологийн хүрээлэнгийн 1986 онд гарсан судалгаагаар Хэнтий, Хөвсгөлд хүрэн баавгайн нөөц 500 орчим байжээ.