С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо буурчээ
Нийслэлийн удирдах албан тушаалтнууд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэр иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат танилцуулав.
Иргэдээс сүүлийн гурван жилд нийт 40.604 гомдол ирүүлснээс 19.513 буюу 51 хувийг дараах найман салбарын үйл ажиллагаатай холбоотой гомдол эзэлжээ. Тодруулбал, барилга байгууламж, эрүүл мэндийн салбар, гудамж, талбайн тохижилт, газрын харилцаа, инженерийн байгууламж, боловсролын салбар, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол хамгийн их ирдэг байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад эдгээр эерэг үр дүн гарчээ.
- Хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо 5 дахин буурсан;
- Өдөрт нь багтаан хүлээн аваагүй, явцын тэмдэглэл хөтлөөгүй, өдөрт нь багтаан шилжүүлээгүй, буцаалтыг гурван хоногт хийгээгүй зэрэг зөрчлийн үзүүлэлт 2892 буюу 33.6 хувиар буурсан;
- Бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо 747 буюу 12 хувиар өссөн.
- Тайлбар өгч, бүрэн барагдуулж шийдвэрлээгүй өргөдөл гомдлын тоо 448 буюу 32.6 хувиар буурсан байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 11 эх үүсвэрээр иргэдийн өргөдөл, гомдлыг авч шийдвэрлэдэг. Гэсэн хэдий ч иргэдийн өргөдөл, гомдол буурахгүй байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Хотын даргад байнга мэдээлж байгаа гэдгийг хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэрээ 60 иргэн, аж ахуйн нэгжтэй уулзсан. Энэ үеэр Хотын даргаас нийслэлийн нутгийн захиргааны 20 байгууллагад нийт 60 үүрэг, даалгавар өгснийг албан бичгээр хүргүүлжээ. Үүнээс 12 байгууллага 36 үүрэг, даалгаврын хариуг хугацаанд нь ирүүлсэн бол 8 байгууллага 8 үүрэг, даалгаврыг 1-2 хоногийн хугацаа хэтрүүлж ирүүлсэн байна. Мөн 8 байгууллага 16 үүрэг, даалгаврын хариуг албан бичгээр хариу ирүүлээгүй, e-doc систем дээр тэмдэглэл хийж хаасныг танилцууллаа. Хотын дарга иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллах хэрэгтэйг онцлов.