Казахстаны Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Шинээр томилогдон ажиллаж буй Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Габит Койшибаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Түүнийг хүлээн авах ёслол зургаадугаар сарын 13-д буюу өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон бөгөөд хүндэт харуулыг байлцуулан хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Энэ онд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг уулзалтын үеэр онцолж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоёулаа далайд гарцгүй. Иймээс гадаад худалдааны зах зээлийг төрөлжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд бэлэн байгаагаа Элчин сайд Габит Койшибаев илэрхийлэв.