Ш.Гүрбазарын гурван бүтээлийг Төр соёрхов

Ерөнхийлөгч зарлиг гаргаж соёл урлаг, утга зохиолын салбарын зарим төлөөлөлд Төрийн соёрхол хүртээлээ. Тодруулбал, соёл, урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан, эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Оюун ухаан, авьяас билгээрээ манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөв.