С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг өгчээ
Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
Аялал жуулчлал, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд усанд осолдож, амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байгаа бөгөөд зөвхөн долоодугаар сарын 10-17-ны хооронд 20 хүн амь эрсэдсэн харамсалтай мэдээ байгааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэллээ. Сүүлийн таван жилд усны ослоор нийт 567 хүний эрдэнэт амь эрсэдсэнээс 99 нь гэнэн томоогүй хүүхэд багачууд байсан бол 2022 он гарсаар 58 хүн амиа алдсаны дотор 13 нь хүүхэд байна. Усны осол нь Монгол Улс дахь гамшиг аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан нийт тохиолдлын 54 хувийг эзэлж буй бөгөөд үүний 70 гаруй хувь нь амралт, аялал зугаалгын үеэрх санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд амралт, аялал зугаалгын үеэр зориулалтын бус хөвөгч гудас хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй завиар гол нуурын усанд хөвж явах үедээ осолдож, эндэх тохиолдол нэмэгдэж байгаа юм. Иймд Шадар сайд С.Амарсайхан үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байлын ерөнхий газрыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгосон юм.
Тухайлбал, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран:
- Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч, үер усны ослоос сэргийлэх нөлөөллийн ажлуудыг бүх талын оролцоотой тогтмол зохион байгуулах;
Мэргэжлийн хяналтын газартай хамтран:
- Гаднын улс орнуудаас импортоор оруулж ирдэг хөвөгч хэрэгсэл, аврах хантааз, завь зэрэг бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэх, худалдаалах үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэд олон нийтэд тэдгээрийн зориулалт, ангилал, хүчин чадал, ашиглах заавар, зөвлөмж зэргийг дагалдуулж, тодорхой тайлбарлан худалдаалж байгаа, эсэхэд хяналт тавьж, хариуцлагажуулах;
Стандарт, хэмжилзүйн газартай хамтран:
- Бага оврын завь, хөвөгч хэрэгслийн ангилал, зориулалт, хэмжээ, аюулгүй байдал, ашиглалтын байдлыг заасан дүрэм, журам, стандартыг шинэчлэн батлуулах, одоо байгаа стандартыг мөрдүүлж хэвшүүлэх;
- Гамшиг судлалын хүрээлэн, Бүх шатны боловсролын байгууллагатай хамтран:
- Усны ослын тохиолдлыг бууруулахад хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, үер усны гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлээс өөрийгөө болон өрөөлийг авран хамгаалах чадвар, дадлыг хэвшүүлэхэд бүх шатны сургалтын байгууллагуудтай хамтран нөлөөллийн ажил зохион байгуулах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган танилцуулахаар үүрэг өгсөн юм.