У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
"Их хэмжээний жонш олборлож, эргэлтэд оруулан мөнгө угаасан байж болзошгүй"
Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр жонш болон түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийв.
Энэ үеэр нэр бүхий аж ахуйн нэгж нь ашигт малтмалын илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан, түүгээр халхавчлан ашигт малтмал олборлож их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг, Уушги уул гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй талбайд нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал нь урд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй бүлэглэн, техник хэрэгсэл ашиглаж, хууль бусаар их хэмжээний жонш олборложээ.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасны дагуу бүрдүүлэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг үйлдлүүдийг тогтоон, хэргийн газар үзлэг хийж, гэрчүүдээс мэдээлэл авч, техник хэрэгслийг нь битүүмжилж, холбогдох баримт бичгийг хураан авсан байна.
Түүнчлэн тухайн аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, хууль бус ажиллагаанд хамтран оролцсон байж болзошгүй үйлдэлд Дундговь аймгийн эрх бүхий албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой баримт бичгүүдийг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх албан тушаалтнууд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм