Өв соёлоо дархалсан Үндэсний баяр наадмын НЭЭЛТ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар нийт ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэдний мэндчилгээний гол агуулга нь үндэсний өв соёл, түүхийн уламжлалт хэлхээг үе үеийн санаж явахыг уриалснаараа онцлог байв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

Монголчууд бид төрт ёсныхоо энэхүү түүхэн их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.

Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн, эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, мөнх тэнгэрийн хүчин дор төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийн дайдад суу алдраа дуурсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн билээ.

Энэхүү баатарлаг түүхийн үргэлжлэл болсон босоо заяат монгол түмэндээ Төрийн их баяр цэнгэл наадам, өндөр төрийн таширлан давхацсан тэгш сайхан ойнуудын бахдам сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Үндэсний их баяр наадам бол монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Монголын ард түмний үнэт өв соёл болсон монгол наадам ахмад, дунд, залуу гурван үеийн залгамж чанар, хэлхээ холбоог бататган бөхөлдөг. Монгол наадам монголчуудыг нэгтгэдэг баяр билээ.

Залуу үеийнхний сайхан ирээдүйг бүтээн босгох эрмэлзэл тэмүүллийг эх оронч үзэл, ард түмнээ гэсэн элгэн халуун сэтгэл, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, үндэсний хэмжээний эрхэмж үзэлтэй уялдуулахад хүн бүр бага балчраасаа эхлэн хичээх учиртай. Төр засаг ч туслан дэмжих үүрэгтэй.

Бид, эх орон хэмээх эрхэм дээд, нийтлэг эрх ашгийнхаа төлөө эвийг ямагт эрхэмлэж, нэгдэн нягтарч, эвээ бөхлөх шаардлага илүү чухал болсон эрин цагт бид амьдарч байна.

Эв санаа, эрч хүчээ нэгтгэн, бэрхшээл саадыг нэр төртэй даван туулж, сайхан монголынхоо саруул ирээдүйг хамтдаа цогцлооё хэмээн Үндэсний баяр наадмынхаа энэ өдөр монголын ард түмэн Та бүхэндээ уриалж байна.