С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монголын соёлын өвд холбогдох гэрэл зургийн түүхэн архивуудаа хүлээлгэн өгөв
Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Монгол Улсын Соёлын элч, хатагтай Сато Норико болон Япон улсын гэрэл зурагчин Сүгияма Тэрүзо нарыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Соёлын яам нь Соёлын элч Сато Норикогоор дамжуулан зурагчин Сүгияма Тэрүзогийн Монгол Улсын соёлын үнэт өвийг баримтжуулан хадгалсан зургийн санг хуулбарлан авах хүсэлтийг өнгөрсөн онд гаргаж байсан юм.
Зурагчин Сүгияма Тэрүзо хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр Соёлын сайдад 1983 оноос хойших Монголын соёлын үнэт өв, шашин, дүрслэх урлаг зэрэг сэдэвт хамаарах олон зуун зургийн дижитал эхийг цаашид Соёлын яам ашиглах боломжтойгоор хүлээлгэн өглөө.
Япон гэрэл зурагчин Сүгияма Тэрүзо нь:
- 1987 онд “Монгол зураг” /Монголын шашны зураг/
- 1988 онд “Монголын дүрслэх урлаг”
- 1990 онд “Монголын сүм хийд болон бурхад”
- 1990 онд “Монголын уран баримал” /Монголын цутгамал бурхад/
- 1992 онд “Монголын нүүдэлчид”
- 1996 онд “Монголын нууц эрдэнэс”
- 1998 онд Монголын шашны дүрслэх урлаг
- 2017 онд “Улаанбаатар хот 1983-2016” нэртэй зургийн цомог болон үзэсгэлэн гаргаж байсан юм.
Мөн тэрбээр ОХУ, ХБНГУ, Дани зэрэг улсуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өвийн үнэт бүтээлүүдийг эрэн сурвалжилж, 1999 онд гэр зургуудыг авч хадгалжээ.
Соёлын сайд Ч.Номин ноён Сүгияма Тэрүзод өөрийн үнэт гэрэл зургийн архивуудаа хүлээлгэн өгсөнд нь гүн талархал илэрхийлж, Монголын нийгэм цаг үе, аж байдал, соёлын өвүүдийг баримтжуулан буулгахаас гадна шинжлэх ухааны тайлбартайгаар олон нийтэд түгээж, хадгалан хамгаалж байсанд нь талархал илэрхийллээ.
Мөн түүний зургийн сангаар гэрэл зургийн эмхэтгэл гаргаж, тайлбар зүүлт хийх, орчин үеийн техник технологитой хослуулан соёлын өвийг баримтжуулсан гэрэл зургийг түгээх, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд ажиллана гэдгээ хэлж, талархал илэрхийллээ.