С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Эгийн голын УЦС-ыг хэрэгжүүлэхэд бүх талаар ажиллаж байна
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлсний нэг нь Эгийн голын усан цахилгаан станц юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар холбогдох албаны хүмүүсийн хамт тус төслийн талбайд ажиллалаа.
Анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч тодорхой шалтгааны улмаас түр саатжээ. Улмаар 2013 онд ЭГУЦС-ыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж байв.
2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан юм. Өнгөрсөн хугацаанд Эгийн голын усан цахилгаан станц ТӨХК, ШУА- тай хамтарч судалгаа хийжээ. Судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж буй. Эдгээр судалгааны дүнг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ. Энэ чиглэлд Засгийн газар ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
Мөн тэрбээр, "Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хоёр төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзах үеэр шийдвэрлэсэн. Манай талаас бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Нэг ёсондоо, Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлсөн. Дараагийнх нь 315 МВт-ын Эгийн голын усан цахилгаан станц. Энэ төслийг хэрэгжүүлэхэд саатал гарсан. Байгаль орчны нөлөөллийн судалгааг олон улсын компаниар хийлгэж, гүйцэтгэл 85 хувьтай байна. Маргааш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештай уулзах үеэрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд нааштай шийдвэр гаргуулах талаар ярилцана. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзахад тус улсын Засгийн газрын зүгээс Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Засгийн газар энэ төслийг урагшлуулахад бүх талаар ажиллаж байна" гэв.
Харин Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Манай улсын эрчим хүчний эх үүсвэрийн 17 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байна. Тэр дундаа 1.7 хувийг усан цахилгаан станц гаргаж байна. Улсын хэмжээнд усан цахилгаан станц байгуулах 11 байршил бий. Үүнээс эрчим хүчний сэргэлтийн хүрээнд нэн тэргүүнд Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ыг ашиглалтад оруулах чухал. Үр дүнд нь манай улс оргил ачааллын үед импортын эрчим хүч авахгүй болж, эрчим хүчний аюулгүй байдал дээшилнэ. Олон улсын компаниар хийлгэж буй "Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгаа" ирэх аравдугаар сард дуусна. Уг судалгаанд тулгуурлаж ирэх онд болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46-р чуулганаар нааштай шийдвэр гаргуулахаар ажиллаж байна" гэлээ.
Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.