С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Cэргээгдэх эрчим хүчний салбартай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ
БНСУ-ын томоохон муж болох Кёнсанбуг мужийн амбан захирагч Ли Чол Ву өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай уулзаж, хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг орон нутгуудын түвшинд хүргэж, өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр Кёнсанбуг мужийн амбан захирагч “Манай муж бол Солонгос улсын хамгийн анхны муж болон хөгжиж ирсэн бөгөөд жимс жимсгэний тариалалтаар улсдаа тэргүүлж байна. Энэ удаад би мужийнхаа эрчим хүчний салбар болон Хөгжлийн корпорацын удирдлагуудтай хамт айлчилж байгаа учраас танай улстай тус салбарын хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм. Түүнчлэн Монгол Улс нь жилийн 250-ээс дээш хоног нарлаг, мөн салхины хүчийг ашиглан, нөөц бүрдүүлж, сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан гарган авах бүрэн боломжтой бөгөөд үүгээрээ дотоодын хэрэгцээг хангахаас гадна урд, хойд хөрш рүү экспортлох боломжтой гэдгийг тэрбээр хэллээ.
Шадар Сайд С.Амарсайхан “Манай хоёр улсын хоорондын найрсаг хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Уул уурхай, эрчим хүч, хөдөө аж, ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч найрсаг, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр улсад ашигтайгаар хамтран ажиллахад бэлэн байна” хэмээгээд тэр дундаа бүс нутгийн хэмжээний стратегийн түншлэлийг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах, энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэхэд онц ач холбогдолтой тус салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгааг талархан хүлээн авсан юм.