С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
24620 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар шийдвэрлэжээ. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Энэ ажлын хүрээнд ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар урьдчилан тохиролцож, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг бууруулан хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт санхүүжүүлэхээр гэрээ хийж эхэлжээ. Мөн цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдан авах байршлуудыг судалж, шаардлага хангасан байруудын засвар, тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 83 байранд 8750, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан орон сууцны хороолол, хотхоны доод давхрын 14 байранд 1175, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан болон засварлаж, тохижуулсан бие даасан 7 байранд 1165 хүүхдийг тустус хамруулахаар холбогдох тушаал шийдвэрийг үе шаттай баталгаажуулаад байна.
Түүнчлэн орчин үеийн дэвшилтэт технологийн гэр цэцэрлэгийн зураг төслийг боловсруулж, ачаалал ихтэй 13 байршилд тус бүр 100 хүүхдийн хүчин чадалтай гэр цэцэрлэгийг богино хугацаанд байгуулж, 1200 хүүхдийг хамруулахаар салбарын яамнаас тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 50 гаруй иргэнээс хүсэлт ирээд байна.
Энэ оны наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 24620 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байгааг Л.Энх-Амгалан сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд батлагдсан хөрөнгийн эх үүсвэрийг үр дүнтэй зарцуулж, ажлын үр дүнг 2022 оны есдүгээр сарын 5-ны өдрийн дотор багтаан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, энэ чиглэлд хийгдэх үйл ажиллагаа гэрчимжүүлж, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт тус тус даалгалаа.