С.Амарсайхан: Есөн аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна

Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, нийслэлийн засаг дарга болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа.

Тус хурлаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Шадар сайдын үүрэг болгосны дагуу гангийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн дүнг танилцуулсан юм. Үнэлгээгээр Ховд аймаг маш их, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор Завхан аймаг их, Увс, Говь-Алтай, Архангай аймгууд дунд эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна.

Мөн Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Тэрбээр Улсын хэмжээнд 2022 он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчний тархалт гарсаар байгааг дурдаад зарим сумдад шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул хорио цээрийн дэглэмтэй байгаа талаар мэдээлсэн юм. Мөн өнгөрсөн хавар улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 5 сая үхэр, 32 000 гахай, 2500 цаа бугыг тус тус хамруулсан бөгөөд дархлаажуулалтын ажил 2 жил үргэлжилнэ гэлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар зарим аймгууд тухайлбал Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна.

Түүнчлэн цаг уурын байгууллагаас боловсруулсан урьдчилсан мэдээгээр 9, 10 дугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтрэлт эрт ажиглагдах магадлалтайг анхааруулсан. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн удирдлагууд эртнээс анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна” хэмээгээд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд 21 аймгийн удирдлагуудад Мал аж ахуйн салбар, Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Газар тариалангийн салбар болон Салбар хоорондын үйл ажиллагааг сайржуулах чиглэлээр хугацаатай үүрэг өгсөн юм.