Л.Энх-Амгалан: Дээд боловсрол нь мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн боловсролын тухай хуулийн төслийг өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дээд боловсрол нь мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан гэж хэлж болно.

Техникийн болон мэргэжлийн боловсролын тогтолцоог бий болгох боломжийг хомс болгосон гэж хэлж болох юм. Ерөнхий боловсролын сурагчдын 95 хувь нь дээд боловсрол эзэмшихээр элсэж байна. Ийм тогтолцоо дэлхий нийтэд байхгүй. Зөв тогтолцоо бол ЕБС-ийн сурагчдын 30-40 хувь нь дээд боловсролыг сонгодог. Бусад нь мэргэжлийн болон техникийн боловсролоор дамжиж цаашаа дэвшдэг.

Их, дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн нэг нь ажлын байртай болж байгаа. Харин МСҮТ төгссөн зургаан хүүхдийн дунд нэг ажлын байр байна. Засгийн газрын шинэ сэргэлтийн зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд 55 мянган инженер техникийн ажилтан хэрэгтэй байна. Улс оронд хэрэгтэй байгаа мэргэжлээр элсэлт явуулдаггүй, хөтөлбөр байдаггүй сул тал бий. Тиймээс үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.

Мэргэжлийн боловсрол халамжийн тогтолцоо мэт болсон гэдгийг та бүхэн мэднэ. Мэдээллийн системийг цэгцэлж, мэргэжлийн болон дээд боловсрол дээр байгаа давхцалыг арилгана. Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах өөрчлөлтийг хуульд орууллаа.

Хүүхэд сургуулиа төгсөөд ажилтай болдог тогтолцоо руу орох өөрчлөлтийг хуульд оруулж байна. Дипломтой ажилгүйчүүдийг бэлддэг сул тогтолцоо бий учраас мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулж шинэчлэх шаардлага үүсэж байна.

МСҮТ, политехникийн коллежийн төгсөгчид дээд боловсролын сургалтын байгууллагад кредит тооцуулж, шатлан суралцах боломжоор хангана. МСҮТ-д 2.5 жил сурдаг байсан бол гурван жил болгож байгаа. 2.5 жил суралцаад төгсөхөөр насанд хүрээгүй гээд 1-1.5 жил хөдөлмөр эрхэлж чаддаггүй.

Үр дүнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Мэргэжлийн багш нарын ур чадвар, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал сайжирна гэж ойлгож болно. Манай улсад 77 МСҮТ бий. МСҮТ бүр дээр 50-70 хүүхдийн хийдэл байгаагаас 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байна. МСҮТ-д нийт 4,700 хүүхдийн регистрийн дугаарын давхардал байгаа. Тухайн салбарыг хариуцаж байсан хүмүүстэй хуулийн хариуцлага тооцно" гэлээ.