С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэнэ"
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит 2022 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулав.
Хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцож, харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, техникийн хамтын ажиллагаа, логистик зэрэг салбарт өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа, түүнийг эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцээ хийв.
Мөн хоёр орны Гадаад харилцааны яам хооронд байгуулсан “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх, хуримтлагдсан буюу нэмэгдсэн хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт тус тус хүргэх зорилтыг тусгасан бөгөөд улс төрийн сайн харилцааны нөөц бололцоондоо түшиглэн харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Хоёр улс бүс нутаг, олон улсын талбарт хамтран ажиллаж ирсэн, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдгээ нотлов.