С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдтэй уулзлаа
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид, Д.Мөнхзул, С.Дондов болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нартай уулзлаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Хүний эрхийн Үндэсний Комиссын 2022-2025 он хүртэлх стратеги, төлөвлөгөө болон байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаад байгаа асуудлын талаар танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагаа бүхэлдээ хүний эрхийг хангаж, хамгаалахад чиглэж байгааг онцлоод Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах чиг үүргийн хүрээнд Комиссын саналыг тухайн шийдвэрт заавал тусгадаг байх, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх шаардлагатай байгаа талаар онцолж байв.
Түүнчлэн Улсын Их Хурлаас Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилоод удаагүй байгаа хэдий ч эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах, хяналт шинжилгээ хийх, олон нийтэд эрүү шүүлтийн хор аюулыг тайлбарлан таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгааг явуулах гэх мэт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэлсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хороог бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж нөхцөлөөр хангах нь хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах чухал ач холбогдолтой болохыг сануулав.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Комисс нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг хэрэгжүүлэх, түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд ирсэн гомдол, мэдээллийг шалгах чиг үүргийн хүрээнд иргэдтэй ганцаарчлан уулзах шаардлага гардаг бөгөөд өрөө тасалгааны хүрэлцээнээс шалтгаалан хүндрэл үүсэж байгаа тул энэ асуудалд анхаарал хандуулахыг Хууль зүйн байнгын хорооны даргаас хүссэн юм.
Х.Номин-Эрдэнэ