Дөрвөн хотын жүдо бөхийн тамирчдын нөхөрсөг тэмцээн эхлэв

Улаанбаатар, Сөүл, Якутск, Улаан-Үд хотын жүдо бөхийн өсвөрийн шигшээ багуудын нөхөрсөг уулзалт, тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд дөрвөн хотын есөн багийн 64 тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорьж буй.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон БНСУ-ын Сөүл хотын Жүдо бөхийн холбооны хооронд 2019 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд уг тэмцээнийг энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Спорт бол нөхөрлөл, хүндэтгэл. Спортоор дамжуулан улс орнууд дэлхий дахинд өөрсдийгөө сурталчлан таниулдаг. Хамгийн шударгаар хөлс хүч, хөдөлмөрөө зарцуулж улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нийт баг, тамирчдадаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Тус нөхөрсөг уулзалт, тэмцээн нь жүдо бөхийн спортыг сурталчлан хөгжүүлэх, ах дүү хотуудын баг тамирчид харилцан туршлага солилцох, өрсөлдөх, ур чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Х.Номин-Эрдэнэ