С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ерөнхийлөгч бууриа сахиж үлдлээ
1992 оноос албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг өдгөө зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх даргалж байна. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бүрэлдэхүүнд нь багтаж байна. Сонирхолтой нь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний хоёр нь гадаадад албан ёсны айлчлал хийж буйтай холбогдуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бууриа сахиж үлдлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 12-нд эх орноосоо мордсон. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өчигдөр ниссэн юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүний хоёр гишүүн нь гадаад томилолттой яваа гэсэн үг.
Хуульд нарийвчлан тусгаагүй ч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын гадаад айлчлалыг зөрүүлдэг, хэн нэгэн нь бууриа сахиж үлддэг уламжлалтай. Тэр нь энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд таарч байгаа бололтой. 1992 онд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталснаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бүрддэг Зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж байлаа. Энэ үеэс хойш үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллагын түвшинд үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч даргалж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бүрэлдэхүүнд нь багтдаг эл Зөвлөлөөс УИХ, Засгийн газарт зөвлөмж өгөх замаар үйл ажиллагаа явуулдаг.
Г.Эрхэс