С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
БНХАУ-д суух Элчин сайдаар Н.Энхболдыг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Энхболдыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашнямын Энхтайванг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дааданхүүгийн Батбаатарыг тус тус томилж, томилолтын хугацаа нь дууссан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшиний Бадралыг эргүүлэн татахаар санал ирүүлжээ. Уг саналын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулахдаа, Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь төрийн алба, дипломат албанд олон жил ажилласан мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хуулийн тогтоомжийн шалгуурыг бүрэн хангаж байгаа гэсэн юм. Тэрбээр, Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улс Элчин сайдын яамныг эдийн засаг, санхүүжилтийн шалтгаанаар 2017 онд зогсоосон бөгөөд энэ оноос эхлэн сэргээхээр тус улсын талтай зөвшилцсөнийг танилцуулж, Бүгд Найрамдах Узбекстан Улсад Монгол Улсаас суух Элчин сайдын яамыг шинээр нээн ажиллуулах асуудлыг Улсын Их Хурал өнгөрөгч нэгдүгээр сард шийдвэрлэснийг дурдлаа.
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэнийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, С.Одонтуяа, Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны холбогдох ажилтнууд эрхэлсэн ажлаа хариуцлагатай, сайн гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэжээ.