С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Шаардлагатай зээлийн эх үүсвэрүүдийг тодорхойлсон"
Улсын Их Хурлын Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл сонслоо.
Түр хорооны хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд мэдээлэл хийв.
Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд таван үндсэн таван зорилт, 41 үйл ажиллагааны чиглэлээр 116 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд дөрвөн шинэ хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, дөрвөн хуульд болон Улсын Их Хурлын нэг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан бөгөөд шинээр Хөдөө аж ахуйн тухай, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай, Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслүүдийг боловсруулж буй талаар мэдээлэв.
Түүнчлэн, тогтоолын хүрээнд хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбар, мал ажуйн салбар, газар тариалангийн салбар, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай зээлийн эх үүсвэрүүдийг тодорхойлсон талаар болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, түүний түүхий эдийн нөөцөд тулгуурлан төлөвлөгөөнд тусгагдсан хүнсний боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад нарийвчилсан тооцоо судалгаа хийгдэж буй талаар мэдээллээ. Мөн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний эдийн засгийн тооцооллын талаар мэдээлэл өгөв.
Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Ганболд, С.Ганбаатар, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, яамны холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав. Асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ нар хэлэлцэж буй асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлснээр Түр хуралдаан өндөрлөв