Бээжингээс илгээсэн Монголын мессеж

Хятадын түүхэн дэх хамгийн хүчтэй, нөлөөтэй даргаар тодорсон Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрх албажсанаас сар гаруйн дараа Монголын Төрийн тэргүүн албан ёсны айлчлал хийв. 14 орны төр, засгийн тэргүүнийг хүлээж авах “хатуу” зохион байгуулалт, бас хязгаарлалт бүхий айлчлалын анхныхаар хөрш орныхоо Ерөнхийлөгчийг сонгосон нь мэдээж учиртай. Нэгдүгээрт, Монголын импортын бүтээгдэхүүний хамаарал, эдийн засгийн үзүүлэлтээр Хятадын нөлөө үлэмж их. 80-90 хувь нь шууд хамаардаг. Хоёрдугаарт, зэс, коксжсон нүүрс, бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 90 хувь нь мөн л урд хилээр дамждаг. Үндсэндээ эдийн засгийн үзүүлэлтийн гол хэмжүүр экспорт, импорт бүхэлдээ БНХАУ-аас хараат. Ийм нөхцөлд хэн нэгнийхээ эрх ашгийг харилцан хүндэтгэж, хөгжлийн гарцаа тодорхойлж, зураглах нь өөрөө дипломат яриа хэлэлцээний гол онцлог.

Үүгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн хоёр өдрийн айлчлал, түүгээр хэлэлцэж үзэглэсэн баримт бичгүүдийн ач холбогдлын агуулга жин дарах нь. “Ковид”-ын цар тахлын араас залгасан ОХУ, Украины дайны нөлөөллөөс үүдсэн дэлхийн геополитик, геостратегийн хямралт нөхцөл байдлын дунд эдийн засгаараа хоёрдугаарт эрэмбэтэй яваа Хятад улс гадаад харилцаандаа ямар бодлого барих нь маргаангүй анхаарал татах сэдэв. Хамгийн чих тавих нь. Тэр тусмаа хилийн боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлж, дамжин өнгөрөх гарцаа нэмж, эдийн засгаа тэлэх том зорилготой Монгол Улсад найрсагаар хилээ “нээх” эсэх нь цэвэр урд хөршөөс хамаарах, тэднээс шалтгаалах бодит асуудал.

Сонирхолтой нь, БНХАУ-ыг зорьсон Ерөнхийлөгчийн айлчлал хэд хэдэн сайн мэдээтэй болж өнгөрлөө. Айлчлалын хүрээнд албажсан баримт бичгүүдийг ажил хэрэг болгосноор валютын урсгалын цусны эргэлтийг эрс сайжруулах хүлээлтийг нэн тэргүүнд өгөв. Монголын талаас нүүрсний экспортоо жилийн 40-70 сая тн-нд хүргэх санал тавьсан нь дэмжлэг хүлээсэн нь үүний бодит илрэл. Монгол Улс 2019 онд 31 тн нүүрс экспортолсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсонтой харьцуулахад түүнээс даруй хоёр дахин их хэмжээнд хүргэх нь манайд л хэрэгтэй, бас ашигтай. Эдийн засагт нэмэртэй. 

Нүүрсний экспортыг сайжруулахын тулд экспортын гол гарц нь төмөр зам. Монгол Улсын хувьд Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги гэсэн хоёр ч төмөр замыг Хятадын хил рүү тавьчихлаа. Хамгийн сүүлд Хангийн төмөр замыг монголчууд өөрсдөө наймхан сарын хугацаанд барьж байгуулаад хилээс найман км-ийн наана хүргэсэн түүхтэй. Одоо хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээний хүрээнд эцсийн цэгийг хатгаж, холболт хийх ажил үлдсэн гэсэн үг. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Монголын талаас холболт хийхэд бэлэн болсон экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцсон нь эл ажил урагшлах бас нэгэн баталгаа болох нь лав. 

Хоёрдугаарт, гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд хоёр дахин нэмэгдүүлж 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохирчээ. Аливаа харилцан үр ашигтай байх хамтын ажиллагааны нэг чухал үзүүлэлт нь гадаад худалдааны эргэлт учраас энэхүү тохиролцоо нь мэдээж сайн мэдээ. Хилийн наана, цаана оршин буй хөрш орнуудын хувьд байж болох хамгийн боломжит хувилбар нь. Байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж анх удаа Хятадын талаас албан ёсоор баталгаажуулсан нь Монголоор дамжуулах төсөлд том хөшүүрэг.

Урд хөршийн хувьд ойжуулалт, цөлжилттэй тэмцэх асуудалд асар их туршлагатай. 10 жилийн хугацаанд 70 тэрбум мод тарих төлөвлөгөөтэй. Үүнийгээ дэлхийн байгаль орчинд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үзэж буй. Харин Монгол Улсын хувьд “Тэрбум мод” тарих амлалтыг өгч түүнийхээ хүрээнд үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөдөлгөөнд Хятадын талаас дэмжлэг үзүүлж манайд судалгааны төв байгуулахаар болсноо илэрхийлжээ. 

Үүгээр зогсохгүй буцалтгүй тусламжийн хүрээнд гурван ч томоохон төслийг Монголд хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдсэн байна. Эхнийх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр болжээ. Өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм. Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцсон байна. Өдгөө нарийвчилсан ТЭЗҮ-ийг хийж байгаа аж. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх гүүрэн байгууламжийг дөрвөн байрлалд барьж, байгуулах төслийг буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр болжээ.

БНХАУ-ыг зорьсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд хэлэлцэж, тохирсон хамтын ажиллагааны баримт бичгүүдээс хамгийн өгөөжтэй, ач холбогдолтойг нь дурдахад ийм байна. БНХАУ-тай хамтарсан аливаа төсөл хөтөлбөрийг Ши Жиньпин даргатай хэлэлцэж, гарын үсэг зурсан бол заавал хэрэгжүүлдэг нь тус улсын онцлог. Үүгээрээ тэр ЭКСПОРТЫН ҮСРЭЛТ хийчихлээ.

Г.Эрхэс