С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "14 иргэний нийгмийн болон 20 орчим өөр байгууллагаас Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Нэг хэсэг нь шударга ёстой холбоотой байна. Хариуцлага алдсан бол хариуцлага тооцохын тулд Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа амаргүй тэмцлийг эхлүүлсэн. Яг энэ танхимд Оюу Толгой компанийг шүүхэд өгөхөөр болсноо мэдэгдсэн. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох Рио Тинтотой хийх хуулийн маргаан үр дүнд хүрэх болов уу гэж эмээсэн. Олон нийт дэмжсэн учир өнөөдөр бид амжилтад хүрч, татварын маргаанаа өөрсдийн талд шийдүүлсэн.
"Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой маргаан байна. Шүүх энэ асуудлыг шийдэх л үлдсэн. Шүүхийн шийдвэрийг бид нүд цавчлахгүй харж байна. Хөгжлийн банкнаас Пүрэвтүвшин гэж хувь хүний данс руу маш их хэмжээний мөнгө шилжсэн байсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эргүүлэн авсан ч амар байгаагүй. Олон нийтийн дэмжлэгээр гацсан олон асуудлыг бид шийдсэнээр Хөгжлийн банк хоёр бондын төлбөрөө хийх боломжтой боллоо. Манай Засгийн газарт энэ банкийг дампууруулах эсвэл олон нийтийн дэмжлэгээр цааш нь авч явах гэсэн хоёр сонголтын өмнө байсан.
Манай экспорт нүүрс, зэс, төмрийн хүдрийн худалдаан дээр тогтдог. Хэн эдгээрт хяналтаа тогтооно, тэр хүн төрийг худалдан авах эрсдэлтэй. "ЭТТ" ХК-ийг байгуулснаас хойш олон үйл явдал өрнөсөн. Тэнд хэдэн машин байдаг, хэд нь манай машин байдаг. Энэ хүмүүс нийлэхээрээ ямар хүчтэй болдог, 178 нүүрс худалдах сонгон шалгаруулалтууд шударга болсон уу, оффтэйк гэрээнүүдийг хэн хэрхэн хийв, С зөвшөөрлийг 9000 гаруй машинд өгчээ. Эдгээрийг хэрхэн олгов, машинуулын дарааллыг нааш цааш болгосон уу. Цагаан хадан дахь бөмбөлгийн зохицуулалтыг хэн хэрхэн хийв. Манайхаас гарч буй нүрүсний агууламж зөрсөн үү, бүртгэлгүй нүүрс гаргасан уу гэдгийг шалгах шаардлага гарсан тул тус компанид онцгой байдал тогтоосон. Гэхдээ "Эрдэнэс Тавантолгой"-д ажиллах нь Оюу Толгой, Эрдэнэтэд ажиллахаас хамгийн амаргүй нь.
Нүүрстэй холбоотой нарийн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, юу ч биш болгон өнгөрөөх сонирхол байна. Өчигдөр болсон жагсаалд олон хүн энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Бид Оюу Толгой, "Эрдэнэт", Дарханы төмөрлөгийн үйлдвэрт гарсан асуудлыг шийдсэн шиг Эрдэнэс Тавантолгойд үүссэн нөхцөлийг ч шийдэж чадна.
Засгийн газрын тэргүүний хувиар энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцах боломжгүй байна. Олон нийт энэ асуудалд биднийг дэмжиж байгаад би талархаж байна. Энэ хэрэг нэгэнт олон нийтийн анхаарлын төвд орсон тул бид шийдэж чадах юм байна гэсэн итгэл надад төрсөн. Өчигдөр болсон жагсаалыг "Эрдэнэс Тавантолгой"-н өмнөх удирдлагууд эргүүлэх гэж оролдлоо гэсэн мэдээллийг авсан. Амь нь тасарч, амьсгаа нь дуусах гэж буй, хүнд байдалд орсон хүмүүс нүүрсний талаар хамгийн их ярьж байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй.
Ерөнхий сайдын хувьд олон талаас нь бодсон. Бид 30 жил энэ тогтолцоогоор явлаа. Манай хүн ам ч өсөв. Парламентын төлөөлөх чадвар буурч байна. УИХ ард түмний жижиг парламент байх ёстой. Парламент ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдэх, илүү хүлээн зөвшөөрөгдөх, бага ард түмний үүргээ биелүүлэх, насны бүлгийг, нийгмийн давхаргыг, үндэсний цөөнхийг төлөөлөх учиртай. Энэ үүднээс харвал манай парламент энэ босгыг давахгүй байна.
Гадаад өр, эрчим хүчний асуудал. Нийслэл хотын асуудал. Хот, хөдөөгийн асуудал. Боловсрол, эрүүл мэндийн асуудал нэг өдөр үүссэн юм биш. 30 жилийн хугацаанд гажуудалтай явж ирсэн. Олон гүйцэтгэл засаглалтай. Тэдгээр нь байнга огцордог, туниа муутай явж ирсэн. 76 гишүүн нь булаацалддаг. Төсөв хуваадаг. Олон ажил эхлүүлсэн ч дуусгадаггүй. Хугацаа алддаг асуудлыг хамтад нь дүгнэх цаг болжээ" гэлээ.