НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид БНСУ-ын Гуяан хотоос туршлага судална
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр БНСУ-ын Гуяан хотын дарга И Дун Хуан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Гуяан хот нь 2016 онд Улаанбаатар хоттой найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш Хан-Уул дүүрэгтэй хамтын ажиллагаатай байгаа. Улаанбаатар хот, БНСУ-ын хотууд хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна” хэмээв. Түүнчлэн талууд ногоон хөгжил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдлаа.
Гуяан хотын дарга И Дун Хуан “Гуяан хот нь 1,090,000 хүн амтай. Одоогоор Дундговь аймагтай хамтын ажиллагаа, ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлж байна. Мөн олон улсын үзэсгэлэн, экспо зохион байгуулдаг, цэцгийн аж ахуйгаар БНСУ-д толгой цохидог. Цаашид эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа” гэв.
Мөн нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид олон улсын үзэсгэлэн, цэцэг, хүлэмжийн аж ахуйн салбарт Гуяан хотоос туршлага судлахаар төлөвлөж байгааг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн хэлж байлаа.
Талууд ногоон хөгжил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ, дагуул хот зэрэг салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.