БНХАУ-ыг зорих зорчигчид мөрдөх журам

БНХАУ-ын онцгой комиссын 144 дүгээр шийдвэрээр нэгдүгээр сарын 8-аас зорчигч тээврийн боомтыг шат дараатай нээхээр болсон билээ. 

Тодруулбал, хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалан боомтуудыг шат дараатай нээх юм. Эхлээд энэ сарын 8-нд Эрээн-Замын-Үүд боомтыг нээх бол дараа нь Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал гэсэн дарааллаар боомтуудыг нээхэд бэлтгэн ажиллаж байна гэж ӨМӨЗО-ы талаас манай талд мэдэгдсэн. Тэгвэл энэ сарын 8-аас боомтууд нээгдэхэд Монгол Улсаас БНХАУ руу зорчих зорчигчид дараах журмыг дагаж мөрдөнө. 

1.Нуклейн хүчлийн шинжилгээ

БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ сөрөг гарвал Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой.

2. Эрүүл мэндийн ногоон кодын тухай

БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй.

3. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг

БНХАУ-ыг зорих иргэд онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт (https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html) болон China Customs APP-аар дамжуулан "БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг бөглөх шаардлагатай.

4. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм

БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ. Дээрх арга хэмжээг 2023 оны 1-р сарын 8-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хятадад ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчдод хэрэгжүүлнэ.

Мөн БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамнаас "Өнөөгийн байдлаар дэлхий дахинд цар тахал үргэлжилж байгаа бөгөөд Хятад болон гадаад  улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээ нь халдвар хамгааллын дэглэмийг сулруулна гэсэн үг биш юм. Хувь хүн өөрийн эрүүл мэндэд хариуцлага хүлээдэг тул зорчигч та бүхэн халдварт өвчний нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, биеийн эрүүл мэнддээ анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлийг баримтлан, хувийн хамгаалалтаа чангатгаж, халдвар авах эрсдэлийг бууруулахыг уриалж байна. Хятад тал үргэлжлүүлэн халдварт өвчний шинэ хувилбар, тархалтын нөхцөл байдалд тулгуурлан, урьдчилан сэргийлэх, хянах ажлыг шинжлэх ухаанч, нарийн түвшинд сайжруулж, Хятад болон гадаад улсын иргэдийг аюулгүй, эрүүл харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэх болно" хэмээн мэдэгджээ.