Цагдаагийн зарим алба хаагчид гадаад улсад богино хугацааны сургалтад хамрагдана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангаж “Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” суралцуулах сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст нээлттэйгээр байршуулсан.

Цагдаа, дотоодын цэргийн 183 алба хаагч суралцах хүсэлтээ гарган материалаа ирүүлснийг хүлээн авч Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын зааланд энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтад оролцсон 183 алба хаагчаас 102 алба хаагч тэнцэж энэ оны 02 дугаар сараас эхлэн Филиппин Улсад 2 сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх нээгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус сонгон шалгаруулалтын үеэр алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшсэн алба хаагч бэлтгэх зорилгоор дээрх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашлаад Америкийн Нэгдсэн Улсад Хар тамхи, Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорин ажиллаж байгаа талаараа илэрхийлэн алба хаагчдын тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг сонсож, Хууль зүй дотоод хэргийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч ажиллав.