С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай тогтоолыг батлав
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төслийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бямбадулам танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Цахим парламентын үйл ажиллагааг нэвтрүүлэх Улсын Их Хурлын шинэчлэлийн зорилтын хүрээнд Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас буюу D-Parliament.mn, гар утасны апликейшнаар дамжуулан хэрэгжүүлж болохоор заасныг дурдлаа.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2 дахь хэсэгт иргэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаарх саналаа Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болно. Албан ёсоор санал авахаар байршуулснаас хойш 30 хоногийн хугацаанд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33 мянга ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 мянга буюу түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, хуулийн төслийн талаарх саналыг 100 мянга ба түүнээс дээш иргэд дэмжсэн бол саналыг хэлэлцэхээр заасан гэв.
Түүнчлэн дээрх хуулийн 391.4 дэх хэсэгт санал авах нарийвчилсан журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо батлахаар заасныг онцлоод Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2022 оны 498 дугаар захирамжаар санал авах нарийвчилсан журмыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад 5 зүйлтэй, 26 заалттай журам боловсруулсан гэж байлаа.
Цахим системээр санал авах үйл ажиллагаа 2 үе шаттай аж.
-Эхний шатанд иргэн тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, хуулийн төслийн талаарх санал гаргах асуудлаас сонгож саналаа гаргахаар;
-Дээрх 3 асуудлаас сонгож, 1000 иргэний дэмжлэг авснаар хоёр дахь шатны санал авах үйл ажиллагаа эхлэх бөгөөд саналыг санал авах цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулахаар, хэрэв иргэдийн санал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391.2-т заасан тоонд хүрсэн бол санал авах үйл ажиллагааг хугацаанаас өмнө дуусгавар болгож болохоор;
-Санал авах үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газар мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргийг тодорхойлох;
Санал авах үйл ажиллагааны үр дүнг Тамгын газар ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлэх, ээлжит чуулганы үед бол 14 хоногийн дотор, ээлжит чуулганы чөлөө цагт бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор холбогдох Байнгын хороо авч хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулахаар;
Улсын Их Хурал нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор цахим зөвлөгөөн зохион байгуулах асуудлыг тусгасан талаар тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Идэрхангай, Х.Ганхуяг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ анхан шатанд босго оноог D-parlaiment.mn цахим хуудсанд хандах иргэдийн оролцоог харгалзан үзэж, багасгах саналтай байлаа. Мөн уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс тогтоолын төслийн 3.5-д заасан “1000” гэснийг “100” гэж өөрчлөхөөр зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Эцэст нь Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.