С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
16 удаа хуралдаж, 28 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 16 удаа хуралдаж, давхардсан тоогоор 28 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Байнгын хорооны хуралдаанаар соёрхон батлах тухай хоёр хуулийн төсөл, Улсын Их Хурлын хоёр тогтоолын төсөл, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн хоёр санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн гурван санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх хоёр санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн хоёр танилцуулга, зөвшилцсөн талаарх есөн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллыг бэлтгэж, хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.
Байнгын хороо долоон хуулийн төсөл, Улсын Их Хурлын хоёр тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан болно.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Үүнд:
1) “Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн тус тус батлуулав.
2) Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн батлууллаа.
3) Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох тухай саналыг зөвшилцөх тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж, Улсын Их Хурлын саналын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэв.
4) Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Ухаалаг засаг-2 төсөл"-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл"-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын (Аймаг,сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр)-ийн Санхүүжилтын ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн.
5) Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн "Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэж хойшлуулсан.
Хяналт, шалгалтын ажлын талаар
1.Түр хороо 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан хуулийн биелэлтийн талаар Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонсов. Түр хорооны гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн.
2.2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилт, хар тамхины хэрэглээ, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон.
3.2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Кибер, ауюлгүй байдлын тухай холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонссон.
4.2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон.
5.2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний агаарын командлалын мэдээллийг сонссон.
Бусад ажлын талаар
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 10 удаагийн албан уулзалт хийсэн. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагуудыг хүлээн авч уулзан тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгсөн.
Мөн Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн тагнуулын газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, удирдлагууд, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, харьяа газрын дарга, удирдлагуудыг хүлээн авч уулзан тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгсөн.
2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-тай цахим уулзалт хийж, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Алексей Васильевич Гордеев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан.
Тус байнгын хорооны Тусгай хяналтын дэд хороо нэг удаа хуралдсан болно. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо хоёр удаа хуралдан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссон. Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан хуулийн биелэлтийн талаар Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссон болно.
2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны ажлын дүнг танилцуулж, үйл ажиллагаа нь дуусгавар болжээ.