С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ӨвөлЮуБолов?: "Агаарын чанарыг сенсороор хэмжих нь" нээлттэй өдөрлөг боллоо
Public Lab Mongolia ТББ, Breathe Mongolia ТББ хамтран “ӨвөлЮуБолов?: Агаарын чанарыг сенсороор хэмжих нь” сэдэвт нээлттэй өдөрлөгийг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны Бямба гарагт МУИС-ын Номын сангийн байранд зохион байгуулж агаарын бохирдол, агаарын чанарын талаар хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэл хүргэлээ.
Өдөрлөгийн үеэр “Өнгөрсөн өвөл юу болов? агаарын чанарын судалгаа хийхэд хямд өртөгт төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой эсэх, эдгээр төхөөрөмжүүдийн давуу болон сул талууд, байгууллага, хувь хүмүүс агаарын чанарын хэмжилт хийхэд юуг анхаарвал зохистой, хэмжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэж, ойлгуулах вэ зэрэг асуудлаар оролцогчид чөлөөтэй ярилцаж, санал бодлоо хуваалцсан юм. Өдөрлөгийн үйл ажиллагаа хоёр танхимд зэрэг явагдсан бөгөөд нэг танхимд зочин илтгэгч нарын илтгэл болон панель хэлэлцүүлэг явагдсан бол нөгөө танхимд ЕБС-ын сургуулийн сурагчид агаарын чанарыг судалсан туршилт, судалгааны үр дүнгээ танилцуулсан юм.
МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Ч.Сономдагва, Цаг уур, орчны шинжилгээний газарын ахлах мэргэжилтэн С.Энхмаа, Public Lab Mongolia ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэцогт, Breathe Mongolia ТББ-ын Үйл ажиллагаа хариуцсан менежер, агаарын чанар судлаач А.Ариундэлгэр нар өөрсдийн судалгаа, үйл ажиллагааны талаар илтгэлээ. Үүний дараагаар Public Lab Mongolia ТББ-ын хөтөлбөрийн менежер Л.Бямбацэцэгийн удирдан чиглүүлсэн панель хэлэлцүүлэгт Health and Safety Solutions ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарансүх, Азийн сангийн хөтөлбөрийн зохицуулагч Э.Энхболд, Breathe Mongolia ТББ-ын төслийн удирдагч Д.Амаржаргал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ нар оролцож агаарын чанарын үзүүлэлтүүд, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хувь хүн, аж ахуй нэгж, байгууллагууд ямар арга хэмжээ авч болох талаар санал солилцон, үзэгчдээс ирсэн асуултанд хариуллаа.
Public Lab Mongolia ТББ нь 2020 оноос хойш ЕБС-ийн сурагчдад агаарын чанарын боловсрол олгох зорилгоор University of Colorado Boulder-тэй хамтран хэрэгжүүлж буй Air Quality Inquiry Program (AQIQ) хөтөлбөрийн 2022-2023 оны хаалтын арга хэмжээний сонирхолтой ханан илтгэлүүдийг олон нийтэд дэлгэн тавьсан байлаа. Air Quality Inquiry Program (AQIQ) хөтөлбөрийн хүрээнд жил бүр МУИС-ын тодорхой тооны оюутан сурагчдыг сургагч багшаар бэлтгэн, бэлтгэсэн сургагч багш нар сонгогдсон ЕБС-ийн сурагчдад агаарын чанарын талаар танхимийн хичээл, туршилт, судалгаа хосолсон 4-6 сарын хөтөлбөрийг зааж хэрэгжүүлдэг. 2023 оны оролцогчид болох Нийслэлийн Ерөнхий боловсролын 5-р сургууль мөн МУИС-ийн харъяа Байгаль Эх лицей ахлах сургуулийн сурагчдаас бүрдсэн нийт 6 баг өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд агаарын чанарын хэмжилт хийдэг “под” төхөөрөмжийг ашиглан практик туршилт, судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээ сургуулийн найз нар, багш нар, гэр бүлийнхэн болон олон нийтэд нээлттэй танилцуулж, хөтөлбөрөө амжилттай төгсөж батламж гардан авцгаасан юм.
МУИС-ийн харьяа “Байгаль эх” лицей ахлах сургуулийн сурагчид хуучин автобуснууд шинэ автобуснаас илүү агаарыг бохирдуулдаг уу гэсэн асуултанд хариулахын тулд шинэ болон хуучин автобусны яндангаас гарч байгаа утааг хэмжин туршилт хийсэн байв. Өөр нэг багийнхан бид бүхэн худалдан авалт хийх зорилгоор олон цагийг өнгөрүүлдэг дэлгүүр, худалдааны төвүүд дэхь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ ямар байдаг вэ асуултын хүрээнд олон нийт өргөнөөр үйлчлүүлдэг Теди, Бөмбөгөр, И-Март зэрэг худалдааны төвүүдийн CO2-ын хэмжээг харьцуулан судалж, дүгнэлт хийсэн байлаа. Мөн сүүлийн үед айл өрхүүд ихээр ашиглах болсон цонхны нано шүлтүүр PM2.5, PM10 гэх нарийн ширхэгт тоосонцрыг шүүж чадаж байна уу гэдгийг тогтоохын тулд сонирхолтой хэмжилтүүд хийжээ.
Хөтөлбөрт идэвхтэй хамрагдсан Ерөнхий боловсролын 5-р сургуулийн сурагчдын хувьд хүмүүс олноор үйлчлүүлдэг фитнесс зааланд мөн хүүхдүүд ихээр бужигнаж байдаг өөрсдийн сургуулийн анги танхимдаа агаарын чанарын хэмжилт хийж, нүүрстөрөгчийн давхар исэл болон дэгдэмхий органик нэгдлүүдийн хэмжээг тодорхойлсон байв. Өөр нэгэн багийнхан бидний зорчиж буй автобус хангалттай агааржуулалт хийж чаддаг уу? шинэ, хуучин автобусанд зорчих нь бидний эрүүл мэндэд өөр өөр нөлөөтэй юу? гэх асуултанд хариулт олохын тулд Офицерийн ордноос ТБД Андууд хүртэлх маршрутаар явдаг 2015 болон 2023 онд орж ирсэн шинэ, хуучин автобуснуудад СО2-г хэмжиж, харьцуулалт хийжээ.
Өдөрлөгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтран ажиллах саналын талаар дараах имэйл хаяг, утсаар холбогдоно уу. info@publiclabmongolia.org, 9005-1002.