Н.Энхболд: Хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж байна

УИХ-ын чуулганы  нэгдсэн  хуралдаанаар  УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын  дөрвөн гишүүн энэ сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Улсын Их Хурлын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Түүнээс гадна  улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх зэрэг шаардлагаас үүдэн УИХ-ын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж байна гэх зэрэг үндэслэлийг илтгэлдээ онцлов.  

Мөн хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг  танилцууллаа. Тухайлбал,  Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгажээ. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг хэд хэдэн харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа уг хуулийн төслийг дэмжиж буй, дэмжихгүй байгаа гишүүдийн төлөөлөл үг хэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Амарсайхан, Ц.Сэргэлэн нарын гишүүд хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн бол  УИХ-ын гишүүн Н.Ганибал, Д.Пүрэвдорж нар дэмжихгүй байр сууринаас үг хэллээ. Дараа нь хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр уг хуулийн төслийнхөө ерөнхий агуулга, ач холбогдлыг тоймлон илэрхийллээ. Тухайлбал, хуулийн төсөлд Монгол Улсын нэгдсэн бодлого гаргах, хөгжлийн бодлого төлөвлөлт нэгдсэн байх үндэс суурийг бүрдүүлж, сонгуулийн санал хамгийн багаар гээгдэх пропорциональ элементийг оруулснаас гадна жендерийн тэгш байдлыг чухалчлан, хүйсийн квотыг үлэмж нэмэгдүүлсэн гэх зэргээр танилцуулав.

Мөн ард иргэдийн дунд очих нүүргүй, ирэх эрхгүй улс төрчид намын жагсаалтад нуугдаж, үүдээр гаргасныг тооноор оруулж ирэх гэж байна гэсэн хардлага, эргэлзээ бий тул жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 28 байхаар зааж, тэдгээрийг нам хаалттай хүрээнд жагсаах бус иргэдийн саналаар нээлттэй эрэмбэлж өгөхөөр зааж өгсөн. Түүнээс олон намууд парламентын босго алхах боломжийг хэрхэн бүрдүүлсэн, сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын тогтолцоог сайжруулах талаар хэрхэн хуулийн төсөлд тусгасан талаар танилцууллаа.

Хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65,1 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.