С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ерөнхийлөгч Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллалаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, ажилчидтай уулзав.
Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хохирол багатай даван туулахад эмч, ажилчдын оруулсан хувь нэмэр асар их гэдгийг тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Тэрбээр тус төвийн Хүүхэд, нярайн клиникт нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашин, хүүхдийн эрчимт эмчилгээний иж бүрэн ор, хяналтын аппарат, автомат шахуурга зэргийг хүлээлгэн өгөв.
Мөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд, эцэг, ах, асран хамгаалагчдад гарын бэлгээ гардууллаа.
Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв “Олон улсын стандартыг хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр бүс нутгийн хэмжээнд чиглүүлэгч байна” гэсэн алсын хараатай ажиллаж байна.
Энэ хүрээнд салбарын шинэчлэл, өөрчлөлтөд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор дэвшилтэт технологи нутагшуулан, олон улсын “Чанарын удирдлагын тогтолцоо” ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлжээ.
Тус төвийн эмч, мэргэжилтнүүд судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, хавдар, дуран, гэмтлийн үеийн гавал тархины болон арьс нөхөх мэс засал зэрэг тэргүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн.
Өнөөдрийн байдлаар эмчилгээний 467 ортой, 20 тасаг кабинеттай, 438 эмч, ажилчинтай. 20 төрлийн нарийн мэргэжил, 42 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна.