НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Гарааш чөлөөлсөн талбайг иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан тохижуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгдөг. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа гарааш буулган, чөлөөлсөн талбайд хийх тохижилтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын А/321 дүгээр захирамжаар энэ онд 132 байршилд 2355 гараашны 46,418 ам метр талбайг чөлөөлөхөөр болсон. Тодруулбал, Баянгол дүүрэгт 33 байршилд 782, Баянзүрхэд 21 байршилд 273, Чингэлтэйд таван байршилд 29, Сүхбаатарт 30 байршилд 715, Хан-Уулд 21 байршилд 155, Сонгинохайрхан дүүрэгт 22 байршилд 401 гарааш чөлөөлөх юм. Ингэхдээ иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан авто зогсоол, тоглоомын талбай, спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг тохижилтын ажил хийнэ. Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд 91 гарааш чөлөөлөөд байна.
Иргэдийн бүлэг 170 тонн хог цэвэрлэлээ
Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг дөрөвдүгээр сарын 12-ноос ажиллаж эхэлсэн. 120 хүний бүрэлдэхүүнтэй тус бүлэг өнөөдрийн байдлаар 40 байршлын 3,101,036 ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж, 170 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргүүлээд байна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсээс сар бүр цэвэрлэх талбайн хуваарь, төлөвлөгөөг батлан, төрийн бус байгууллагууд өдөр тутмын гүйцэтгэлийн чанарт хяналт тавин ажиллаж байна. Иргэдийн бүлэг нь арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл ажиллах юм.