Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах санал гарлаа

 

НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн хотын шуудан 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлан гэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.


Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулж ирлээ. Тэрбээр “Өөрт буй таван минутын санал, хүсэлтийг хэлэх хугацаанд  би хэлэхийг хүсэж буй хэдэн зүйлээ яръя. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гэж увайгүй, урагшгүй, бүтэлгүй энэ албаны төлөө улайран тэмцэж байж болсон. Гэтэл хүссэн албан тушаалдаа суучихаад юу ч хийсэнгүй. Хийсэн гээд сурталчлаад байгаа ажил нь иргэдэд тулгамдаж буй асуудлыг ерөөсөө биш. Зөвхөн дүр эсгэсэн, хэлбэр төдий, бусдын  санаачилж, хэрэгжүүлсэн ажлыг л дурдаад байгаа. Гамшгаас хамгаалах ажлын иж бүрэн сургалтыг зохион байгуулсан гэдгээ онцлоод байгаа ч энэ ажлыг Засгийн газрын тогтоолоор үүрэг өгсний дагуу хийсэн. Энэ хүний гаргасан том алдаа гэвэл төрийн мэргэшсэн албан хаагчдыг хуулийн үндэслэлгүйгээр хувийн компанийнхаа ажилтнууд шиг дур зоргоо халж, сэлгэсэн. Нийслэл хотыг удирдана гэдэг хувийн компани удирдахдаа адилгүй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн байгууллагуудын өнгөрсөн оны ажлын дүгнэлтийг гаргаж, энэ оны зорилтыг тодорхойлоогүй учраас бүтээн байгуулалтын ажил зогсонги байна. Өөрийг нь тань Засаг дарга болоход дэмжсэн хүмүүсийг Засаг даргын орлогчоор томилсон нь үнэн. Агентлагуудын удирдлагууд, ажилтнуудыг шагналын журмаар халж, сольж байгаа, Туул голын бургасыг хядаж нийслэлчүүдийг усгүй болгох гэж байгаа чинь туйлын үнэн. Бодит байдлыг тань хэлж, шүүмжилсэн хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж, гутаан доромжилдог чинь ч үнэн. Ийм ёс зүйгүй, хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг хүн нийслэлийн албан тушаалд тэнцэхгүй. Тиймээс хэлэлцэх асуудалд нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг оруулахыг хүсэж байна. Огцруулахын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” гэсэн юм.