НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
20 мянган ам метр талбайг зүлэгжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд тавдугаар сарын 5-ны байдлаар 21 байршилд 282 гарааш чөлөөлөөд байна. Нийт 132 байршилд 2355 гарааш чөлөөлөх бөгөөд нийт талбайн хэмжээ 5251 ам метр юм.
Мөн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах үүрэг өгсөн. Нийт 132 байршилд 135.4 га талбайд арчлалт хийхээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 44 байршлын 46 га талбайд, хувийн хэвшлийн ойн мэргэжлийн 21 байгууллага 88 байршлын 89 га талбайд арчилгааг арго технологийн дагуу гүйцэтгэнэ. Тодруулбал, 20 мянган ам метр талбайд зүлэгжүүлэлт хийж, 512 мянган цэцэг, 95 мянган бут сөөг, 2100 шилмүүст мод, 88 мянган гоёл чимэглэлийн мод, бут тарихаар төлөвлөжээ. Мөн унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд 21 байгууллага агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийнэ.
“Дээрэлхэгч биш-Дэмжигч байя” аян үргэлжилж байна
Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон юм. Энэ дагуу Нийслэлийн Боловсролын газраас “Дээрэлхэгч биш-Дэмжигч байя” аяныг тавдугаар сарын 24-н хүртэл зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 254 сургууль нэгдэж, өдгөө 187 мянган сурагч хамрагджээ.
Мөн авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын гол болон туслах гудамж, замуудын заадас засварын ажлын хүрээнд 23 гудамж, замд нийт 220,585 метр урт заадас засварлах ажил хийнэ. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн гол болон туслах 84 гудамж, замд 75 мянган ам метр хэвтээ тэмдэглэгээний ажил хийх юм. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан энэ жил тавьж байгаа авто замын мэдээллийг өгсөн бөгөөд Зайсангийн гүүрний ажил 47 хувьтай байна. Зорчих хэсгийг энэ жил нээхээр төлөвлөжээ.