НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
190 байршилд 4543 гарааш чөлөөлжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм.
Тухайлбал, нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэл, гэмтэлтэй байгаа авто зам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлж, Үндэсний их баяр наадмаас өмнө бүрэн дуусгахыг үүрэг болгосон. Хоёр жилийн хугацаанд 7981 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 190 байршилд 4543 гарааш чөлөөлөөд байна. Мөн 2134 гарааш буулгасан 89 байршилд тохижилтын ажил хийжээ. Газар чөлөөлөлтийн ажил 49 хувьтай байгаа бөгөөд буулгасан байршил дахь тохижилтын гүйцэтгэл 46.6 хувьтай байгаа юм. Түүнчлэн гарц, орц хаасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулж байгаа явган хүний зам дээрх 82 шонг нүүлгэн шилжүүлжээ.
2023 онд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, цэцэрлэгийн нийт 132 байршилд 1,354,000 ам метр буюу 135.4 га талбайд арчилгаа хийнэ. Үүнээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 44 байршлын 46 га талбай, хувийн хэвшлийн ойн мэргэжлийн байгууллага 88 байршилд 89 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийх юм.
Энэ онд инженерийн хангамжийн чиглэлээр 24 байгууллага нийт 644 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дулааны гол шугам сүлжээний засварын 19, цахилгаан хангамжийн шугам, кабель дэд станцуудын засварын 13, шинээр сувагчлал хийх, сувагчлалын хоолойг сэргээн засварлах, худаг суурилуулах 18, хороолол доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн найман ажлыг гүйцэтгэх юм. Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлтийн 13, халаалтын зуухны засварын 108, ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин цахилгаан шат шинэчлэх 21 ажил хийхээр төлөвлөөд байна.