“Хариуцлагатай үйлчилгээг дэмжье” аян зохион байгуулна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нийслэлийн холбогдох байгууллагууд хамтран “Хариуцлагатай үйлчилгээг дэмжье” аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээг дэмжинэ, гэхдээ чанар, аюулгүй байдлыг анхаарах ёстой гэдэг үүднээс тус аяныг зохион байгуулж байгаа. Хууль, тогтоомж, стандартыг үйлчилгээний байгууллагуудад танилцуулж, зөвлөн туслахад анхаарна” хэмээсэн юм.

Хотын дарга хугацааг онцгой анхаарч, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэхэд анхаарах ёстойг онцолж байлаа.

Хүнсний салбарт ажиллагсдын үзлэг, шинжилгээний үнийг бууруулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн ажилтан, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд нэгдсэн байдлаар хамруулах ажлыг зохицуулах, шинжилгээний төлбөрийг бууруулах асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш:

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүнсний сүлжээнд ажиллаж байгаа хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулдаг. Мөн эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлэх төлбөртэй үйлчилгээний жишиг үнийг тогтоосон.  Энэ жишгийн дагуу 80 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Хотын даргын хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр гарсан саналын дагуу урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээний үнийг тодорхой хэмжээгээр бууруулсан.  Мөн салбарын яамд жишиг үнийг бууруулах, үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн төвөөс гадна итгэмжлэгдсэн хувийн лабораториор хийлгэх санал хүргүүлсэн гэлээ.