Эмнэлгийн яаралтай тусламжийн таван цэг ажиллана

“Улаанбаатар марафон”-ы үеэр иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн ахлах мэргэжилтэн Д.Энхтүвшин мэдээлэл өглөө.

Гүйлт болох зам, талбайд эмнэлгийн яаралтай тусламжийн таван цэг байрлаж ажиллана. Тодруулбал, Гараа, барианы хэсэг, Сансарын туннелийн уулзвар, Чойжин ламын сүм музейн дэргэд, 45 дугаар сургууль буюу ОБЕГ-ын хажууд, мөн Хүүхдийн урлан бүтээх төвийн урд буюу “Модерн номадс”-ын хойд хэсэгт байрлана. Түүнчлэн МУИС болон МУБИС-ийн уулзвар, “Бишрэлт” их дэлгүүрийн дэргэд түргэн тусламжийн машин байрлаж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Мөн гүйх тамирчдыг өнөөдөр эрт унтаж амрах, хүнд махан хоол бага идэж, илчлэг сайтай хоол идэх, гүйх үед шингэн их алддаг учраас усны цэгээс усаа авч, шимж уухыг, шинэ гутал холгодог учраас өмсөж дадсан хувцсаа өмсөхийг зөвлөлөө.

20 гаруй худалдааны төв амарна

Замын хөдөлгөөн хаахтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд мэдээлэл өглөө.

Зам хаасан бүсийн 251 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Мөн “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүр зэрэг 20 гаруй худалдааны төв амрах юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ төөрөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Учир нь өчигдөр буюу Хүүхдийн баяраар цагдаагийн алба хаагчид болон хүүхэд хамгааллын багийнхан хүүхэд төөрөхөөс сэргийлж 6500 бугуйвч тараасан боловч 335 хүүхэд төөрсөн байна.