Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн хуваарилалт хэдхэн хүний гарт хэрхэн төвлөрснийг ил болгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Түүнээс хэлсэн үгээс "ОНЦЛОХ ЭШЛЭЛ"-үүдийг хүргэе.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталж, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн реформыг дэмжсэн Улсын Их Хуралд талархал илэрхийлье. Одоо бид холбогдох хууль тогтоомжоор төлөөллийн төв байгууллагад олон нийтийн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх түүхэн хариуцлагын өмнө байна. 

-2020 онд -4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлттэй гарлаа. Эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт бол хоосон тоо биш юм. Нэг хувийн өсөлт ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг. Эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелж, бүтэн жилд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.доллар давлаа. 

-Эдийн засгийн өсөлтийн үр дүнд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, “Самурай” бондын өрийг бие даан төлөх боломж бүрдсэнээр Монгол Улс нүүрлэн ирсэн өрийн дампуурлаас одоо л гарч байна. “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэдэг үг бий. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан гашуун түүхийг Та бид хэзээ ч мартаж, бас давтаж болохгүй ээ! 

-Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг. Энэхүү үр дүн бол ард иргэд, дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, шударга төрийн албан хаагчид Та бүхний хамтын амжилт гэдгийг онцлон тэмдэглэж байна.

-Хүн амын 50 хувь нь амьдардаг их хотын асуудлыг зөвхөн нийслэлд даатгаж, анхаарлын гадна орхисноос үлэмж хэмжээний асуудал ужгиран хуралджээ. Газрын наймаа, төлөвлөлтгүй хотын золиос нь өнөөдрийн нийслэлчүүд болж байгаа нь бодит үнэн юм. Хүүхдийн талбай, ногоон байгууламж зэрэг нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар олгосон үе үеийн албан тушаалтнуудыг Засгийн газар “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгож, алдагдсан боломжийн өртгийг шүүхэд хандан нэхэмжлэх болно.

-Нийслэл хотод өнгөрсөн хугацаанд нийт 1213 км автозам тавьсан боловч дийлэнх нь хоорондоо холбогдоогүй мухар зам байна. Энэ нь зөвхөн тойргийн эрх ашигт нийцсэн нэгдсэн төлөвлөлтгүй хөрөнгө оруулалтын бас нэгэн сургамж юм. Засгийн газраас эдгээр мухар замуудыг хооронд нь холбож, тойрог зам болгох “Холбоос зам”-ын хөрөнгө оруулалтын асуудлыг энэхүү тодотголоор шийдвэрлэж, Сэлбэ гол болон Туул голын орчны иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх боломжийг нийслэл Улаанбаатар хотод олгож байна.

-Төрийн албан хаагчдын цалин 560 гаруй салангид шатлалыг уялдуулж, анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагчдаас эхлээд тодорхой хэмжээнд бодлогын гадна орхигдсон хөрөөний ир мэт ялгаатай цалингийн тогтолцоог цэгцлэх нь энэхүү тодотголын үндсэн зарчим байлаа. Салбар бүхэн өөр өөрийн хуулиар цалингаа тогтоолгосноор Монгол Улсын цалингийн нэгдсэн тогтолцоо алдагдаж, нийгмийн даатгалын сан дампуурлын ирмэгт хүрсэн байна.

-Төрийн байгууллагуудын цалингийн системийн нэгдсэн реформыг дэмжиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зөвлөмж гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,  Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар танд талархал илэрхийлье.

-Төсвийн тодотголд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд маргаан дагуулсан, 2000 оноос өмнө суурь цалин бага байх үед тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн асуудлыг шийдвэрлэнэ.

-Одоо бид харах хандлагаа өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн иргэдтэй адил түвшинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх эрхийг хангахыг Засгийн газар бодитоор дэмжих болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бодлого тодорхойлоход оролцуулах боломжийг бодлогоор дэмжих болно. Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентад төлөөлөлтэй байж, дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг Ерөнхий сайдын хувьд нээх болно гэдгээ илэрхийлж байна.

-Хүүхдийн мөнгө халамж уу? Байгалийн баялгаас хүртэх ёстой өгөөж үү? Монгол төрийн хүн амаа өсгөх бодлого уу? Энэ асуулт олон жилийн турш улс төрийн маргаантай сэдэв байсаар ирлээ. Олон улсын байгууллагууд энэ асуудлыг тодорхой болгох шаардлагыг үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн нь бодит үнэн юм. Цаашдаа ч бид энэ асуудалтай нүүр тулна.

-Аль ч улс орны ирээдүй бол өнөөдрийн хүүхэд багачууд бөгөөд улс орны хөгжлийн бодлогын суурь ирээдүй рүү чиглэсэн байх учиртай.

-Монгол Улсын Засгийн газраас Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцалж, Эрдэнэтийн 49 хувийн луйврыг таслан зогсоож, суутган тооцолтыг хийж дуусгалаа. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Нүүрсний хулгайг илчилж, Биржийн арилжааг эхлүүлж, тусгай сангуудын мэдээллийн ил тод болгож, “Чингис”, “Гэрэгэ” бондуудын гадаад өрийг төлж барагдууллаа.

-Өнгөрсөн хугацааны уул уурхайн ашигт малтмалын лицензүүд хэн хэнд хэрхэн очсон тухай, нийт ард түмний баялаг хэдхэн хүний гарт хэрхэн төвлөрсөн тухай, мэдээллийг Засгийн газар цаашид ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хангах болно.    

-Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганд багтаан Улсын Их Хуралд өргөн барих болно.