С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Ларс Клингбайл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Германы Социал демократ намын хамтарсан дарга Ларс Клингбайл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын “Гуравдагч хөрш”, Европын Холбооны гол түнш ХБНГУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. Хоёр орны харилцаа ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хөгжиж ирсэн. Монгол Улс ардчиллын замыг сонгож, байнгын ажиллагаатай парламенттай болсон 1990 оноос эхлэн парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг онцлоод ардчиллыг бэхжүүлж, ардчиллын үнэт зүйлийг бататган хамгаалахад хоёр талын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч, хатагтай Б.Бас-ыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов.
Монгол Улсад 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн улс төр, эдийн засаг, нийгмийн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явцыг Фрийдрих-Эбертийн сан эхнээс нь тууштай дэмжиж, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлж, иргэний нийгмийн байгууллагуудыг онцгойлон дэмжих, эмэгтэйчүүд-залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр амжилттай ажиллаж ирсэнд Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлэв. Улсын Их Хурлаас ардчиллыг бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсан. Уг өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Сонгуулийн тухай зэрэг олон хуульд өөрчлөлт орох шаардлагатай. Иймд хууль тогтоох байгууллагын Тамгын газар хоорондын туршлага солилцох уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг тогтмолжуулахын чухлыг дурдав.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Германы Социал демократ намын хамтарсан дарга Ларс Клингбайл Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгааг тэмдэглээд энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаа тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Тэрбээр хоёр улсын харилцаа бүхий л салбарт хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд цаашид эрчим хүч, аюулгүй байдал, шинжлэх ухаан, эдийн засгийн чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж бий. Ялангуяа залуучууд хоорондын харилцааг идэвхжүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламентын ид тод байдлыг хангах, иргэд олон нийтийн саналыг авч шийдвэр гаргах үйл явцад тусгах зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ирэх есдүгээр сард парламентын ил тод байдлыг хангах, ардчиллыг бэхжүүлэх, нээлттэй сонсгол зохион байгуулах зэрэг асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг, форумыг хийх санал гаргасныг ноён Ларс Клингбайл тэргүүтэй төлөөлөгчид дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.