Зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгаж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргээс цахимаар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 11 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90 орчим хувьтай байжээ. Тухайлбал, авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэл, чанар, стандартад тавих хяналтыг сайжруулах үүрэг өгсөн. Нийслэлийн хэмжээнд 135.4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут, сөөг, цэцэг тарьж байна. Явган хүний болон дугуйн замын ажлыг 10 байршилд хийж дууссан бөгөөд долоон байршилд ажил үргэлжилж буй.

Мөн нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ онд 111 байршилд зөвшөөрөлгүй 8771 метр урт хашаа чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 14 байршилд 1222 метр урт хашааг чөлөөлж, тус ажил 31 хувьтай үргэлжилж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн авто замын засвар, арчлалт, гэрэлтүүлгийн асалт, засвар үйлчилгээ болон гэр хорооллуудын автобусны буудлуудын одоогийн нөхцөл байдлыг газар дээр нь явж шалгах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хотын хэмжээнд гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцдаг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, гэрэлтүүлгийн асалтыг 100 хувь байлгах чиглэлээр үүрэг өгөв. Нийслэлийн нийтийн тээвэрт 107 чиглэлд 996 автобус үйлчилгээнд явж, өдөрт давхардсан тоогоор 520 мянга орчим хүнд үйлчилдэг. Нийтийн тээврийн 1171 зогсоол байгаа юм.

Баянгол дүүрэг 47 байршилд тоглоомын талбай, тохижилтын ажил хийнэ

Баянгол дүүрэгт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар тус дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн танилцуулав. Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, ОНХС-гийн хөрөнгөөр 112 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 11 байршилд сургууль, цэцэрлэг барих, ЭХЭМҮТ-д өргөтгөл болон их засвар хийхээр төлөвлөсөн байна.

2021-2022 онд дүүргийн хэмжээнд 26.2 км авто зам тавьсан бол энэ онд дөрвөн байршилд зам тавина. Мөн өнгөрсөн жил 20 байршилд автомашины 24,000 ам метр  зогсоол байгуулжээ. Энэ онд найман байршилд 500 автомашины зогсоол хийх бөгөөд гэрээ байгуулах шатандаа явж байна. Мөн “Hermes”-ийн урд нүхэн гарц, “Алтай” хотхон, Нарны хорооллын дунд явган хүний гүүрэн гарц хийнэ. Өнгөрсөн жил 56 байршлын 25 мянган ам метр талбайд явган замын ажил хийсэн бол энэ жил 38 байршилд явган хүний замын ажил хийнэ. Түүнчлэн өнгөрсөн онд 57 байршилд тоглоомын талбай, тохижилтын ажил хийсэн бөгөөд энэ жил 47 байршилд хийхээр төлөвлөжээ. Үүнээс гадна 37 байршилд гэрэлтүүлэг хийж, 319 байршилд камер суурилуулж, гурван хороог бүрэн камержуулна. Өнгөрсөн жил 68 байршилд 1485 гарааш чөлөөлсөн бол энэ жил 33 байршилд 782 гарааш буулгахаас 246 гарааш буулгаж, тохижилтын ажлыг эхэлжээ.  

Дүүргийн хувьд газар нутгийн хэмжээ жижиг, нягтаршил ихтэй. Мөн тулгамдсан асуудал нь гэр хороололд авто зам дутмаг, бүтээн байгуулалтад зориулж газар чөлөөлөх шаардлага зүй ёсоор тулгардаг. Түүнчлэн гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах, орон сууцны дахин төлөвлөлтөд төсөв шаардлагатай байгааг хэлж байлаа.