С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Архангай аймгийн эрчүүдийн наслалт аймгуудын дунджаас доогуур үзүүлэлттэй байна
Аймгийн ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг, ГБХЗХГ, ЦГ, НДГ, ХХҮГ зэрэг байгууллага хамтран “Эрэгтэйчүүд- эрүүл мэнд- нийгмийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Архангай аймаг нь 27900 өрхийн 95.9 мянган хүн амтай. Үүний 50.1 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 2018 оны байдлаар нийт 516 хүн нас барсны 313 буюу 60 гаруй хувь нь эрэгтэй хүн байжээ. Эрэгтэйчүүдийн ихэнх нь зүрх судас, хорт хавдар, осол гэмтэл, хоол шингээх эрхтний өвчин, амьсгалын тогтолцооны өвчлөлөөр нас барж байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, гэр бүл дэх эрэгтэйчүүдийн оролцоо, хүүхдийн хөгжил, хамгаалалд аавуудын оролцоо ямар байх ёстой юм гэдэг талаар мэргэжлийн байгууллагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээрх илтгэлүүдэд зонхилон тохиолдох өвчлөл, нас баралт, дундаж наслалт, өвчлөлийн шалтгаан зэрэг асуудлыг нэлээд дэлгэрэнгүй, тоон үзүүлэлттэй тодорхой мэдээллүүдийг өгч байв. Аймгуудын эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг харахад Архангай аймгийн эрэгтэйчүүдийн наслалт эмэгтэйчүүдийнхээс 4 нас 5 сараар зөрүүтэй байгаа нь аймгуудын дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагддаггүй төвөгшөөдөг, өөрийгөө хайрлахгүй хайхрамжгүй хандлага гаргадаг зэрэг нь өвчнийг хүндрүүлэх, цаашлаад нас барахад хүргэдэг байна. Иймд эрчүүдийн эрүүл мэндийн стратегийг хэрэгжүүлэхэд орон нутгаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эрчүүдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хандлагыг өөрчилж, мэдлэг олгох, дадлага болгох нөлөөлөл, сургалтуудыг явуулах, дараагийн дугаарт хаанаа юу нь болохгүй байна, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэдгийг тодорхойлоход судалгаа маш чухал юм гэдгийг ярилцлаа.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.11-д “Аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх кабинет ажиллуулна” гэсний дагуу Нэгдсэн эмнэлэгийн бөөр, шээсний зам, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн кабинетэд 5.0 сая төгрөгийн өртөг бүхий түрүү булчирхайг дурангаар авах мэс заслын багажийг дагалдах хэрэгслийн хамт шийдэж өглөө.
Хэлэлцүүлгээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжиж, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, тэдний нийгэмд оролцох оролцоо, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн хөгжил, гэр бүлд хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэл, мэдээллүүд тавьж, хэлэлцүүлгээс “Зөвлөмж” гарган орон нутгийн бодлого хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх юм.