С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ-г боловсруулжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна.
Энэ айлчлалын бэлтгэлийг хангахаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй баасан гарагт уулзжээ.
Уулзалтын үеэр талууд Ерөнхий сайдын айлчлалын өмнө хоёр улсын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг шинэчлэхэд бэлэн болж, Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажил эхэлснийг онцолсон байна.
Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих гүйцэтгэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныг дурдлаа.
Түүнчлэн Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-3, АН-4 чиглэлийн авто замаар ачаа тээвэрлэлтийг нэмэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.
Тэрчлэн хоёр улсын агаарын тээврийн харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцжээ.
Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед, төрийн дээд түвшний айлчлалаар дорвитой үр дүн гаргаж, өсөн нэмэгдэж буй худалдааны эргэлтийг хангах, төмөр зам, авто замын холболтуудыг хөгжүүлэх, хилийн боомт, орц гарцуудыг нэмэх, нэвтрүүлэх чадвар, дэд бүтцийг сайжруулахад онцгой анхаарч, тодорхой томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг дээр сайд нар санал нэгдлээ.
Сүүлийн арав гаруй жил Монгол Хятад хоёр орны хооронд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд цөөнгүй болсон. Гэхдээ айлчлалаар яригдсан, харилцан амласан зарим асуудлууд тодорхой үр дүнд хүрэлгүй хэрэгжилт удааширч байсан гашуун сургамжийг давтахгүй байхад талууд онцгой анхаарч байна.
Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал хоёр талын худалдаа эдийн засаг, зам тээврийн харилцааг шинэ шатанд гаргаж дорвитой ахиц гаргана гэсэн хүлээлт өндөр байна