С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Бээжинд буусан Ерөнхий сайдад барьсан “БЭЛЭГ”
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар тус улсад Монголын Засгийн газрын тэргүүн албан ёсны айлчлал хийхтэй зэрэгцэн бүтэн жил гаруйн хугацаанд улс төр, нийгмийн анхаарлын төвд явж ирсэн хэргийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн танилцуулав. “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой эл хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татсан шүүх хурал 47 хоногийн турш үргэлжилсэн юм.
Үүнээс 32-ыг нь гэм буруутайд тооцож, 48-ыг нь хэрэгт хамааралгүй гэж үзсэнээ хуралдаан даргалагч шүүгч сонордуулав. Тэдгээр дунд дөрвөн УИХ-ын гишүүн нэр холбогдсоноос нэгд нь буюу Ё.Баатарбилэгийг “Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан гэм буруутайд тооцлоо. Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт хамаарах 33 тэрбумын зээлийн асуудлыг хэрэгсэхгүй болгож Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гэм буруугүй гэж үзэв. Араас нь Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Б.Найдалаа, Ч.Отгочулуу тэргүүтэй хүмүүсийг буруутгах үндэслэлийг шүүхээс тогтоосонгүй.
Харин “Бэрэн” группийн Д.Мөнхтөр, “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа нар гэм буруутайд тооцсон 32 хүний төлөөлөлд багтав. Хөгжлийн банкны мэргэжилтэн, гүйцэтгэх захирал зэрэг хэд хэдэн хүн ч тэдэнтэй “нэгдлээ”. Үндсэндээ эл хэрэгт яллагдагчаар татагдсан асуудлаарх шүүх бүрэлдэхүүний шийдвэрийн агуулга улстөрчид, УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудад нааштай хандсанаас бусдаар бизнесийн салбарын төлөөлөл, Хөгжлийн банканд ажиллаж асан хүмүүсийг буруутгахад жин дарсан нь энэ.
“Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Энэ дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээд өөрсдийгөө гэм буруугүй эсэхийг мухарлуулах гэж шүүх танхимд 47 хоногийн турш сайн, муугаа хэлэлцэж, ярилцсан нь ойлгомжтой. Шүүх бүрэлдэхүүн ч тэдэнд холбогдох асуудлыг нотлох баримтын хүрээнд нэгтгэсэн прокурорын дүгнэлт бүхий хэргийн материалтай энэ хүртэл танилцаж, холбогдох гэрч, өмгөөлөгчөөс тайлбар, мэдүүлэг авсан байж таарна.
Гэвч шийдвэр гаргах эцсийн мөчид зээл авсан, өгснийг нь гэм буруутайд тооцсоноор бараг хоёр сар орчим шүүх хурал хөшгөө хаалаа. Угтаа бол Хөгжлийн банкны дийлэнх, олонхи зээл нь яагаад чанаргүй ангилалд шилжсэн, тийм байдалд хүргэхэд улстөрчид ямар оролцоотой байсныг дэнслэх нь уг шүүх хурлаас хүлээлт үүсгэх эхний ҮР ДҮН байв. Хоёрдугаарт, Засгийн газрын томилгоотой явж ирсэн эл банкны үе үеийн удирдлагууд хэн нэгэн улстөрч, УИХ-ын гишүүн, сайд, дарга нараас хараат бусаар нээлттэй томилогдож ирсэн үү? гэвэл үгүй. ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүн нь ч бараг Засгийн газрын энтэй Төрийн нарийн бичгийн болон газар, хэлтсийн дарга нараас бүрдүүлж ирсэн түүхтэй.
Улстөрчдийн, УИХ-ын гишүүдийн, сайд, дарга нарын дам нөлөө Хөгжлийн банканд байсан, байж ирсэн, байсаар явсны бодит тусгал нь 1.8 их наядын чанаргүй зээлээр хэмжигдэж дампуурахдаа тулсан нь саяхан. Ийм хэмжээний зээлийг жирийн нэг мэргэжилтэн, эсвэл банкны удирдлага нь дангаараа, ганцаараа шийдвэр гаргаад олгоно гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй. Ардаа артай, хэн нэгний шахалтаар л эрсдэлтэйг нь мэдсээр байж олгосон зээлийн хар түүх гэвэл үнэнд илүү ойртоно. Тэр бүгдэд улстөрчдийн оролцоо байсан уу? гэвэл тийм.
Түүнийг нь ч энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилсэн Хөгжлийн банкны Нээлттэй сонсголоос нийгмээрээ харсан, харцгаасан, нүдээ нээж, чихээ онгойлгосон юм. Гэтэл Засгийн газар нь бүтэн жилийн турш өр барагдуулах алба шиг ажиллаж, парламент нь дөрвөн сар Нээлттэй сонсголоор дамжуулж нэг сая гаруй цаасан баримт “нухсан” алдарт “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэрэгт холбогдсон нэр улстөрчид шүүхийн шатнаас ийн мултарч, бүр цагаадаж эхэлсэн нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцлийг бүдгэрүүлж, бас баллуурдаж орхилоо. Өөрөөр хэлбэл, Бээжинд буусан Ерөнхий сайдад Монголын хуулийнхан нь ийн “БЭЛЭГ” барилаа.
Гадаадад томилолттой яваа ч бүхэл бүтэн тусгаар улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Монголын шүүхээс гаргасан шийдвэрийн тухай огт мэдээлэлгүй, мэдээгүй явна гэж байхгүй. Бүр Хэрэг эрхлэх газрын дарга болсон цаг үеэс шүүрч авч, ач холбогдол өгч ирсэн зүйл нь Хөгжлийн банк, чанаргүй зээл тойрсон асуудал болохоор. Ерөнхий сайдын тамга атгаж, гүйцэтгэх засаглалын түвшинд шийдвэр гаргах нэгдүгээр хүн болсныхоо дараа Хөгжлийн банкны асуудлыг бярдсан уу? бярдсан! “Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар өөрөө гаргаж тавьсан. Засгийн газар яг та бүхэнтэй адил байр суурьтай байгаа. Бид ордон дотор хийж чадах бүх зүйлээ хийж байна” гэж хэлсэн хүн нь ч тэр. Гэвч тэр нь төдийлөн бодитой үр дүнд хүрсэнгүй. Хэдэн мэргэжилтэн, бизнесмэнийг буруутгаснаас бусдаар шийдвэр гаргах түвшинд хамгийн оролцоотой явж ирсэн гэх улстөрчид, УИХ-ын гишүүд, дарга нарыг чиглэсэн олон нийтийн эргэлзээ, хардлагыг тайлж чадсангүй. Ийм байхад УИХ-ын даргын захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгээс “Нүүрсний сонсгол” бодит үр дүнд хүрэх эсэх нь ч эргэлзээ төрүүлэх нь ойлгомжтой.
Эс бөгөөс төдийгөөс өдий хүртэл “Хөгжлийн банк” гэсэн тайз засчихаад түүн дээрээ таанц эргэж ирснээрээ Монголын Засгийн газар, Ерөнхий сайд нь яллагдагчаар татагдсан ч шүүхээс гэм буруугүйд тооцсон тэдгээр улстөрчид, УИХ-ын гишүүд, дарга нараас албан ёсоор УУЧЛАЛ гуйх нь! Эсрэгээрээ нөгөө талд шүүхийн шийдвэр, шүүх бүрэлдэхүүний дүгнэлт үнэхээр шударга гардаг, хуульд нийцдэг үү? гэсэн асуулт ч хөврөх нь!
С.Гандөл