Азийн сангийн Ерөнхийлөгч Лорел И.Миллерыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн Ерөнхийлөгч, хатагтай Лорел И.Миллерыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай Лорел И.Миллерт Азийн сангийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл болон ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Тэрбээр, 1990 оноос хойш Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд Азийн сан үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд, бидний харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд суурилсан хамтын ажиллагаа цаашид урт хугацаанд амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Өнгөрөгч тавдугаар сард Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх, төлөөллийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 126 болгох, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зохицуулалтыг оруулсан. Мөн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх үүднээс эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн. 2028 оноос энэ тоо 40 хувьд хүрнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын дарга жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх нь бидний тэргүүлэх чиглэлийн нэг байсаар ирсэн гээд өнгөрөгч сард Улсын Их Хурал, Бан Ги Мүн сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулахад Азийн сангийн хамт олон дэмжиж, хамтран ажилласанд талархал илэрхийлсэн юм.

Азийн сангийн Ерөнхийлөгч, хатагтай Лорел И.Миллер Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган завсарлах гэж буй өрнүүн их ажлын үеэр найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийллээ.

Дэлхийн улс орнуудад ардчиллын олон сорилт бэрхшээлтэй тулгарч буй энэ цаг үед Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө гаргаж байгаа хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа хатагтай Лорел И.Миллер онцлов.

Уулзалтын үеэр талууд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийн дээдэлсэн, жендэрийн тэгш байдлыг хангасан төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх,  Улсын Их Хурал дахь Байгаль хамгаалах бүлгэмийн ажлыг идэвхжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн талууд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болохын төлөө бүхий л талаар дэмжиж ажиллахаа харилцан илэрхийлэв