Тангараг өргөсөн ЗҮРХ бүхний төлөө...

Цагдаагийн нэгэн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 2-нд буюу өчигдөр Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А-гаас “...миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би гурван настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна...” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай Ховд голын эрэг орчмоор шалгалт хийсэн байна. Энэ үеэр иргэн Ж голын ус руу орж, урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу оржээ. Тэрбээр Ж-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алджээ.

Амиа алдсан цагдаагийн алба хаагч хоёр нялх хүүхэдтэй байжээ. Том нь хоёр настай, бага нь нэг сартай. Алгын чинээ тэр хоёр хүүхэд өнөөдөр “Аав”-аа гэж хэлэх эрхгүй болов. Тангараг өргөсөн тусгай алба гэдэг хүнд, хэцүү. Цагдаа гэхээр шууд бухимддаг, магадгүй заримынх нь зайлсхийх сэдэв болсон энэхүү нэршил, тэдний нэр хүнд өнөөдөр бидний дунд ямар байгаа бол. Адаглаад өргөсөн тангарагтаа үнэнч яваа тэдний үйл хэрэгт бид хэрхэн хүндэтгэлтэй ханддаг вэ. Наад зах нь дүрэмт хувцастай тэднийг хараад шууд бусгах нь энүүхэнд болов уу. Гэвч...

Тангараг өргөж, дүрэмт хувцсаараа жигдэрсэн тэдний ажлыг бид нэг ч удаа гэсэн хүндэтгэн үзсэн үү гэдэг асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргэлээ. Эрэн сурвалжлагдаж байсан нэгнийг алдахгүй гэсэндээ автомашиных нь хаалганаас зүүгдэж явсаар эцэстээ амиа алдсан алба хаагчийн харамсалтай хэрэг одоо ч хуучраагүй л байна. Тийм атал бусдын амар тайван байдлын төлөө тангараг өргөж, түүндээ үнэнч явсан бас нэгэн алба хаагч харамсалтайгаар амиа алджээ.

Бид бусдын өмнөөс амьдардаггүй. Харин өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө амьдардаг. Юу үнэн энэ л үнэн. Тийм байхад ардаа үлдсэн гэр бүлийнхээ ахуй амьдралыг үл огоорон, гагцхүү өргөсөн тангарагтаа үнэнч, үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан бас нэгэн цагдаагийн алба хаагч ийн амиа алдлаа. Амиа алдсан алба хаагч бүрийн төлөө залбиръя, бас тэднийг хүндэтгэе. Тэд бол жинхэнэ Баатрууд.