Үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа цаашид хийх ажлын талаар санал хэлсэн юм. Тэрбээр:

-Зөвшөөрөлгүй барилга, байгууламжид газар олгосон асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна.  Мөн гүүрэн байгууламжууд стандартын бус, шаардлага хангахгүй байгаа. Үерийн нөхцөл байдал цаашид үүсэхийг үгүйсгэхгүй. Иймд дорвитой арга хэмжээ авмаар байна. Усны голдирол өөрчилж барьсан шатахуун түгээх станцууд бий. 2020 оноос хойш ус их хэмжээгээр тогтдог 27 байршлаас 17-г нь шийдсэн. Энэ жил таван байршилд ажил эхлээд явж байгаа. Мөн үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Сэлбэ гол дагуух 17.5 км газрыг цэвэрлэлээ

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа:

-Манай дүүргийн хэмжээнд нэг, 15 дугаар хороо өндөр эрсдэлтэй байсан. Дөрвөн хороог хамарсан таван метрийн өргөнтэй 2 км орчим үерийн даланг босгож, 500 өрхийг нүүлгэн шилжүүллээ. Үерийн эрсдэлтэй газар буусан 550 айл байна. Үерийн аманд буусан айлд эзэмших газар олгосон байна. Тодруулбал, өмчлөх гэрчилгээтэй 158, эзэмших гэрчилгээтэй 312 айл, зөвшөөрөлгүй 80 айл бий. СӨХ-г цэгцлэх хэрэгтэй, ажиллах чадамжгүй СӨХ олон байгаа. Үерийн хугацаанд иргэдээс дөрвөн сая гаруй төгрөг хурааж аваад, дарга нь алга болчихсон байх жишээтэй. Долоодугаар сарын 16-нд 130 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сэлбэ гол дагуух 17.5 км газрыг цэвэрлэлээ гэв.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

-Тусгай чиг үүргийн байгууллагуудад иргэд, аж ахуйн нэгжээс талархал илэрхийлж байна. Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байгаа. Цахилгааны байгууламжид лаг шавар орох, цахилгаан шат ажиллах боломжгүй болж, ус, цахилгаан өгөхөд хүндрэл үүссэн. Цаашид үер болохоос урьдчилан сэргийлж, бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй байна гэлээ.

Бүх дэд станц, цахилгаан тоноглолд ээлжит бус үзлэг хийсэн

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан:

-Үзлэг, засвар, шуурхай үйлчилгээний бригадуудыг ажиллуулж, цахилгаан, шугам сүлжээний тоноглолуудад үзлэг, засвар үйлчилгээг тухай бүр хийж, байнгын хяналт тавьж ажиллалаа. Бүх шугам, дэд станц, цахилгаан тоноглолд ээлжит бус үзлэг хийж, илэрсэн гэмтэл, зөрчлийг арилгасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 434 инженер, техникийн ажилтан, 108 техник хэрэгсэлтэй ажиллалаа. Үер усны аюулаас үүдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын 28 тулгуур унасан, хазайсныг сэргээн босгож, зуслан чиглэлийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гурван тулгуурыг унахаас сэргийлж, суурийг хүчитгэсэн.  Мөн үерт автагдаж болзошгүй 117 дэд өртөөнд үзлэг хийж, 30 дэд өртөөнд ус орохоос сэргийлэх арга хэмжээ авсан хэмээлээ.