С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гашуунсухайтад хүний эрхийн зөрчлийг арилгахад хамтарна
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван нарыг хүлээн авч уулзлаа.
Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны зургаадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Гашуунсухайт боомт, Ханбогд сумын Хайрхан баг дахь Цагаанхад суурьшлын бүсийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар Гашуунсухайт боомтын захиргаа, Гаалийн газар, гэрээт замын Цагдаагийн хэлтэс, Автотээврийн үндэсний төвийн салбар, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хилийн Гашуунсухайт боомтын удирдлага, “Эрдэнэс ТаванТолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийн төлөөлөгч нартай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, харилцан мэдээлэл солилцсон.
Түүнчлэн автотээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй “Эко Глобал”, “Аяны эхлэл”, “Шанхын Хэц”, “Аранзал Алаг”, “Завхан Транс” компанийн жолооч нар болон Ханбогд суманд ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний санал асуулгыг авч ажиллажээ.
Гашуунсухайт боомт нь 2021 онд цахилгаан эрчим хүчинд холбогдсон бөгөөд автотээврийн ачааны импортын 47.0 хувийг, экспортын 55.0 хувийг нэвтрүүлж байна. Тус боомт дахь төрийн байгууллагуудад хүний нөөцийн дутагдал үүссэн, ажлын ачаалал өндөр зэргээс үүдэн албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байна.
Тухайлбал, Автотээврийн үндэсний төвийн албан хаагчид ээлжгүй ажилладаг, Цагдаагийн хэлтэс оффисын байргүй, Гаалийн улсын байцаагч нар нэг ээлжиндээ 30 хоног ажиллаж 10 хоног амардаг бол Гаалийн улсын ахлах байцаагч нар 45 хоног ажиллаж, 15 хоног амардаг зэргээр хөдөлмөрлөх нөхцөл бүрдээгүйн улмаас Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байна.
Мөн алба хаагчид орчны тоосжилт өндөртэй, амьдрах зориулалтын орон сууцгүй, ундны усаа алслагдсан зайнаас зөөвөрлөдөг, хилийн бүсэд хүнсний дэлгүүр, үйлчилгээний газар байдаггүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал, хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигддөг зэрэг хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд ажил үүрэг гүйцэтэж байгааг уулзалтын үеэр хэлж байв.
Дээрх нөхцөл байдлыг Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудад ХЭҮК-ын дарга Ж.Хунан танилцуулаад боомтод ажиллаж буй төрийн албан хаагч нарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрүүл мэндийн үзлэгт хамруулж буй байдал, боомтод ажиллаж буй албан хаагчдын томилгоо, ээлжээр ажиллаж буй ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг зохицуулсан дүрэм, журам, цалин хөлс, урамшуулал, төсөв, хөрөнгө оруулалтад дүн шинжилгээ хийж салбарын хэмжээнд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлын талаар холбогдох газруудад Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлж, улмаар хүний эрхийн зөрчлийг арилгуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Тэргэл, ГЕГ-ын Боомтын хөгжлийн хэлтсийн дарга Н.Зоригоо, ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж нарын албаны хүмүүс оролцов.