"Компанийн барилга зам руу орж, нурах эрсдэл үүсгэсэн"

Үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай болон Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам:

-Наймдугаар сарын 1-нээс эхлэн “Магнус сентурион констракшн” ХХК-тай холбоотой гомдол иргэдээс ирсэн. Дамдинсүрэнгийн гудамжны авто замд цууралт үүссэн тул тус компанид авто замын гагнаас, ирмэг хэлхээг сайтар хийсний дараа ажлаа үргэлжлүүлэх шаардлага хүргүүлсэн юм. Улмаар тус байршилд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор барилгын ажлыг түр түдгэлзүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Барилгын тухай хууль, Авто замын тухай хуульд барилгын ажил гүйцэтгэж буй компани орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхээр заасан байдаг. Барилгын тухай хуулиар барилга, байгууламжийг замаас 50 метрийн зайд байх ёстой боловч тус компанийн барилга зам руу орж, нурах эрсдэл үүсгэсэн. Иймд “Магнус сентурион констракшн” ХХК-д албан шаардлага хүргүүлсэн бөгөөд өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний 14:00 цагт эргийн бэхэлгээ, зам дээрх гагнаас хийсэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангасан эсэх, барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой эсэхэд хяналт, шалгалт хийнэ гэлээ.