Барилгын суурь ухаад орхисон 104 байршил байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг өгсөн юм. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллахыг даалгасан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 25 чиглэлээр 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 72 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд 30 агуулахад 66 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд буй.

Мөн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг баталсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах үүрэг өгсөн. Энэ дагуу зургаан дүүргийн хэмжээнд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 1370 тонн лаг, хагшаасыг цэвэрлэсэн. Үерийн хамгаалалтын 12.8 км урт далан, барилга байгууламжийг цэвэрлэж, 11,811 шоо метр лаг тээвэрлэсэн бол 13 байршилд борооны ус зайлуулах шугамын 84 тонн лаг цэвэрлэжээ.

Энэ онд 16 байршилд замын засвар, шинэчлэл хийхээс таван байршлын ажил бүрэн дууссан. 18 байршилд 40 мянган ам метр орчим явган болон дугуйн замын ажил хийсэн байна. 64 мянга орчим ам метр талбайн нүхэн эвдрэл засварлаж, 49 мянга гаруй ам метр  талбайд хэвтээ тэмдэглэл хийжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр анги, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах үүрэг өгсөн. Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл 56 хувьтай байна.

Түүнчлэн барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын суурийн нүх ухаад удаан хугацаанд орхисон 104 байршил байгаа юм. Үүнээс нь 88 нь “А” даалгавартай бол 16 нь “А” даалгаваргүй. Мөн барилгын ажил хийж буй 197 байршилд 751 объектод хяналт шалгалт хийхэд 117 зөрчил илэрсэн байна.

Хотын дарга барилгын суурь зөвшөөрөлгүй ухсан бол нүхийг булж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цаашид ногоон байгууламж болгоход анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.