С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Мөнхбаатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө бүх талаар дэмжиж ажиллана
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн менежментийн зөвлөх “Инженерс индиа лимитэд” компанийн ерөнхий захирал Вартика Шукла, БНЭУ-ын ЭКСИМ банкны ерөнхий менежер Нирмит Нарендра Вед нар болон албаны бусад хүмүүс оролцов.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүд ажил хэрэг болж, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгааг тэмдэглээд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тусгаар тогтнолын 76 жилийн ойн баярын мэндийг хүргэв.
Уулзалтаар талууд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар ярилцаж, санал солилцлоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламж тус бүрийн инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтын ажлыг ЕРС-01, ЕРС-02, ЕРС-03, ЕРС-04 (ЕРС: Инженерчлэл-Худалдан авалт-Барилга угсралт) гэсэн 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа. ЕРС-01 багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг 2021 онд эхлүүлсэн. Энэ онд багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. ЕРС-02, 03 багц ажил болон түүхий тос дамжуулах хоолой байгуулах ажлын гүйцэтгэгчийг 2022 онд сонгон шалгаруулж, гэрээг байгуулсан. Одоогийн байдлаар зураг төслийн ажлыг эцэслэх шатандаа явж байгаа бөгөөд энэ оны 04 дүгээр сард үйлдвэрийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлсэн. EPC-04 багц ажлын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан талаар Элчин сайд М.П.Сингх танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын Сангийн сайд болон БНЭУ-ын Эксим банкны удирдлагууд өнөөдөр Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ЕРС-01, ЕРС-02, ЕРС-03 багц ажлын зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2030 онд хүртэл хойшлуулсныг сонордуулав.
Сүүлийн жилүүдэд цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр бараа материал, техник, тоног төхөөрөмжийн үнэ өссөн нь төслийн нийт хөрөнгө оруулалтын зардалд нөлөөлж байгааг "Инженерс индиа лимитэд” компанийн ерөнхий захирал Вартика Шукла дурдлаа. Үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулах ЕРС-04 багц ажлыг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа тул парламентын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болохоос гадаад худалдааны алдагдал буурах боломж бүрдэнэ. Хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхийн төлөө парламентаас хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, холбогдох байгууллагуудын уялдааг хангах зэргээр бүх талаар дэмжиж, анхаарч ажиллахаа Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийллээ.