Хувийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс суурилуулна

Найман байршилд экологийн коридор байгуулна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван:

-Нийслэлийн нутаг дэвсгэрт тархсан зэрлэг амьтдыг чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлсэн экологийн коридор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахаар Ажлын хэсэг байгуулсан. Нийт найман байршил байгаа. Үүнээс зургаа нь Төв аймгийнх, үлдсэн хоёр нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт бий. Мөн Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүсийг тогтоож, дагаж мөрдөх журмын төслүүдийг боловсруулж, холбогдох байгууллагаас санал авч, БОАЖЯ-нд хүргүүлсэн гэлээ. 

Цэцэрлэгийн бүртгэл 73 хувьтай байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өгөв.

Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 667 цэцэрлэгт 142,798 хүүхэд сурч,  4726 багш ажиллах бол ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцаж, 16,179 багш ажиллахаар байгаа юм. Цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Нийт 142,798 хүүхдээс 104,694 хүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд бүртгэл 73.3 хувьтай байна. Наймдугаар сарын 21-25-нд хүүхдүүдийг цэцэрлэгт нь хуваарилна. Нэгдүгээр ангид элсэхээр 37,727 хүүхэд хүсэлт гаргаад байна. 2023 он гарснаас хойш таван сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэг ашиглалтад орсон.

Энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад нийт сургуулийн хүүхдийн 288 автобус үйлчилгээнд явна. I-V ангийн сурах бичгийг 100 хувь төрөөс үнэ төлбөргүй хангана. VI-XII ангид 27,820 багцын нийт 430,580 сурах бичиг нийлүүлэгдэх аж.

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням:

-Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулахаар байгаа. Эхний ээлжид төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, үүний дараа хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөсөн. Иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс Авто тээврийн үндэсний төвийн суурин 32 цэг, явуулын 12 цэгээр  аравдугаар сарын 1-ний дотор суурилуулна гэв.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлд нэмж 107 тээврийн хэрэгсэл ирсэн. Есдүгээр сарын 5-н гэхэд нэмж 100 ирнэ” гэдгийг хэлж байлаа. Мөн сургуулийн хүүхдийн автобустай холбоотой бэлтгэл ажлыг хангажээ.